Телевизийн салбарын шилдгийн шилдгийг шалгаруулдаг "Алтан шонхор-2014" ёслолын үйл ажиллагаа оны босгон дээр Улсын драмын эрдмийн театрт болов. “Алтан шонхор” наадам арав дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд уг наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, шалгарч буй уран бүтээлчдийн чанар чансаа улам сайжирсаар ирсэн байдаг. Харин арав дахь “Алтан шонхор” нэг сүргүй байлаа. “Алтан шонхор-2014”-ийн хувьд шилдэг зураглаач, сэтгүүлч, хөтлөгч зэрэг 18 төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ. Гэтэл шалгаруулалтад оролцсон телевиз нь шалгаруулалтын төрөл, номинациасаа цөөн. Тиймээс бүгд л нэг нэг, зарим нь хоёр “Алтан шонхор” баараггүй гардаж байв.
Монголд телевизийн урлаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед яагаад ердөө аравхан телевиз “Алтан шонхор” наадамд оролцов. Бусад нь яагаад оролцсонгүй вэ. Үүний хариултыг холоос хайх шаардлага ч байсангүй. Яагаад үзэгчдийн таашаалыг хүлээдэг томоохон телевизүүд уг арга хэмжээнд оролцоогүй нь наадмын зохион байгуулалт, шалгаруулалтаас шууд харагдлаа.
Энэ удаагийн “Алтан шонхор” наадамд оролцоогүй телевизүүдийг нэрлэвэл МҮОНТ, “Монгол HD”, “Ийгл Ньюс” ТВ, “Bloomberg Mongolia” ТВ, “Боловсрол суваг” ТВ, “C1” ТВ, “2-р суваг” ТВ, “Royal” ТВ, “SPORT box” ТВ, “DREAM box” ТВ зэрэг арав гаруй телевиз байна. Үндсэндээ Монголын нийт телевизүүдийн тал нь л “Алтан шонхор” наадамд оролцжээ. Нэг ёсондоо “Алтан шонхор” өрөөсөн жигүүрээрээ дэвжээ. Хэрвээ дээрх телевизүүд “Алтан шонхор-2014” наадмын шалгаруулалтад оролцсон бол яах байсан бэ.
Үүнд хариулт болгон жирийн идэвхтэй үзэгчийн дүгнэлтээр доорх харьцуулалтыг хийв.