Улс төрийг өөрчилмөөр байвал намын хуулиа шинэчил

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Улс төрийг өөрчилмөөр байвал намын хуулиа шинэчил

Улс төрийг өөрчилмөөр байвал намын хуулиа шинэчил

“News” агентлаг “Хууль төрөхийн өмнө” буландаа Улс төрийн намын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг онцолж байна.


УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудалтай болсон МАН өнөөдөр хоорондоо хонь, чоно болжээ. Яг л 2012-2016 оны хооронд Ардчилсан намынхан тамираа тасартал зодолдож, бүтэн нэргүй үлдсэн шиг.  Намуудын хоорондын зодоон эргээ хальж, эцэстээ Монголын төр чадамжгүй, авлига, архины үүр овоохой болж хувирсныг захын иргэн шүүмжилж сууна.  Өөрөөр хэлбэл, намуудыг өөрчлөхгүйгээр төр өөрчлөгдөхгүй.  Ёс зүйтэй, чадвартай төртэй болохын тулд эхлээд намуудын хуулиа өөрчлөх ёстой.  Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд яригдаж байгаа хоёр гол асуудал бол  санхүүжилтийг ил тод болгох нөгөө нь сонгуультай холбоотой эрхзүйн орчин. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд манайх мажоритар сонгуулийн тогтолцоотой байсан. Намууд улс орныг 21 хэсэгт хувааж, сонгуулийн жижиг тойрогт ялалт байгуулах гэсэн тэмцэл нь өөрөө намуудын шинэчлэлийг уландаа гишгэж байгааг улс төр судлаачид хэлдэг. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан ч хэлэлцэгдэж амжилгүй байсаар хаалганы гадна үлдсэн.

Улс төрийн намуудын төлөвшилт, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байдаг. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Улс төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталсан нь улс төрийн намын эрх зүйн үндсийг тогтоосон анхны алхам байсан бөгөөд 2005 онд "Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан.

Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчилал, улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй хэмээн үзжээ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж есөн бүлэг 53 зүйлтэйгээр боловсруулжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөгийн зохицуулалт өөрчлөгдөж зарим шинэ санхүүжилтийн хэлбэр нэмэгдэж байгаа ч мөн зарим санхүүжилтийн хэлбэр тодорхой хязгаартай болох юм байна.

Түүнчлэн улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар Монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрхзүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл бүрдэх аж.

Шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр Улс төрийн намуудын тухай хуульд 10 шинэчлэл хийгдэж байна. Эдгээрийг дурдвал:

– Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө

– Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно

– Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно

– Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана

– Нам шилэн данстай болно

– Намын үйл ажиллагааг  явуулах доод босгыг тогтооно

– Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно

– Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна

– Намууд ТББ , фракцтай, одон медальтай  байхыг хориглох нь зүйтэй

– Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ

гэсэн 10 багц асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзэж буй.

Улс төрийн намын тухай хуульд "Намын санхүүжилт шилэн, ил тод, нээлттэй байх шаардлагыг суулгаж өгч байгаа. Ингэж байж намуудын үйл ажиллагаа зөв тунгалаг болно. Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Улс төрийн бүх намыг төр санхүүжүүлнэ гэвэл бас дахиад л буруу болно. Бараг толгойтой болгон ТҮЦ-тэй болж байсан шиг жалгын нэг нам байгуулах гээд зүтгэж мэднэ. Тэгэхээр улс төрийн нам сонгуулиар хичнээн хүний дэмжлэг хүлээв, иргэд сонгогчдын хэдэн хувь нь тухайн намд саналаа өгөв гэдгээр нь эрэмбэ шалгуур тогтоож санхүүжүүлэх нь зөв. Хуулийн төслийн үзэл баримтлал ч энэ чигт чиглэж байгаа" гэдгийг Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодотгосон.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-д орж ирэхгүй байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал хэрхэн шийдэгдэхээс хамаарахын зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хуулийг УИХ-аар баталсны дараа уг хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нь логикийн хувьд илүү нийцнэ гэж үзэх ч улстөрчид байна.

Түүнчлэн тус хуулийн төслийг боловсруулахдаа намуудын санхүүжилтийн асуудлыг  сайтар тусгахгүй бол  чамбай сайн  төсөл байлаа ч  гэсэн тунхаг байдалтай болж хувирдаг. Санхүүжилтийн асуудлыг Улс төрийн намын тухай хуульд тусгах уу эсвэл Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа гаргах уу гэдгээ сайтар  бодох хэрэгтэйг судлаачид сануулсаар байгаа юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж