Сүүлийн үед чихрийн шижингийн шалтгаант хөлийн шархны улмаас хөлөө тайруулах тохиолдол нэмэгдэх болсон. Саяхан хөлийн шархыг эмчлэх нэгэн шинэ технологийн талаар Кубын мэргэжилтнүүд Монголын эмч нарт сургалт явуулжээ. Уг технологиор чихрийн шижингээс үүдэн шархалсан хөлийг тайралгүйгээр эмчлэх боломжтой юм. Сургалтад хамрагдсан багш нарын нэг “Сонгдо” эмнэлгийн нөхөн сэргээлт, гоо сайхны мэс заслын эмч, анагаах ухааны доктор Г.Бат-Эрдэнээс уг эмчилгээний талаар тодрууллаа.
-Чихрийн шижин хүндэрснээр хөлөө тайруулахад хүрдэг. Үүнийг халсан нэгэн эмчилгээ нэвтрээд байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Кубын анагаахын салбар дэлхийд дээгүүрт ордог. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2016 онд Бүгд найрамдах Куба улсад айлчлах үедээ нэгэн чухал төвөөр зочилсон байдаг. Энэ нь БНКУ-ын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв. Тус төвд БНКУ-д болон дэлхийн анагаах ухааны салбарт хэрэглэж байгаа эм, бүтээгдэхүүн, вакцин зэрэг чухал зүйлийг үйлдвэрлэж байсан. Түүний нэг нь чихрийн шижин өвчний хөлийн шархлааны үеийн хүндрэлд хэрэглэдэг “Heberprot” бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн нь хүний арьсны эпидермс давхаргын өсөлтийн фактор агуулсан байдаг. Аливаа шархыг гадна талаас нь эмчлэхдээ тос түрхэх, халдваргүйжүүлэх эм, бодис ашиглах зэргээр эмчилдэг байсан. Энэ бүтээгдэхүүнийг тухайн шархлаан дотор тарьж хэрэглэдэг. Тухайн шархны хэмжээ, талбай, гүн эсэхээс шалтгаалан аль хэсэгт ямар хэмжээгээр хийхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг. БНКУ-д айлчлал хийсний дараа тус технологийн төвийн дарга болон бусад төлөөлөгч нар Монголд айлчилж, Эрүүл мэндийн яам, Улсын нэгдсэн төв эмнэлэг зэрэгт бүтээгдэхүүнийг танилцуулсан. Бүтээгдэхүүнийг Монголд ашиглах зайлшгүй шаардлагатай байсан юм. “Монгол эм импекс” компанийн хичээл зүтгэлээр нэг жилийн дотор бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд оруулж, монгол иргэдэд хэрэглэх боломж бүрдсэн.
Сургалтаар нэгэн өвчтөнийг сонгон бүтээгдэхүүнийг ашигласан. Мөн сургалтад энэ өвчтэй ажилладаг хот, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан.
-Сургалтын үед бүтээгдэхүүнийг хэрэглэсэн өвчтөнд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Тухайн өвчтөн нь сахарын өвчин буюу диабеттай, хөлийн уланд нь шарх үүсээд гурван жил болсон байсан. Шарх жижиг мэт харагдаж байсан ч үхэжсэн арьснаас нь салгахад таван сантиметр орчим болсон. Өвчтөнд бүтээгдэхүүнийг долоо хоногт гурван удаа хийсэн. Эмчилгээний үед өвчтөний шарх аньж, зургаа дахь удаагийн тарилгаар эдгэсэн.
-“Heberprot” бүтээгдэхүүнийг хэрэглэснээр чихрийн шижингээс үүдэлтэй шархалсан хөлийг тайрахаа болино гэсэн үг үү?
-Чихрийн шижингийн хүндрэл хөлийн шархлаа нь хөлийг тайрахад хүргэдэг байсан. Энэ эмчилгээний зорилго нь үүнээс урьдчилан сэргийлэх, хөл тайрах гэдэг асуудлыг үгүй болгох.
-Бүтээгдэхүүнийг хэрэглэж шарх аньсан тохиолдолд дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?
-Шаардлагагүй. Бүтээгдэхүүнийг хэрэглээд шарх аньсан тохиолдолд эмчилгээ бүрэн хийгдсэн гэсэн үг. Харин тарилгыг хэрэглэхээс өмнө олон шаардлага хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт, сахарын хяналтад орсон байх шаардлагатай. Мөн шарх нь үрэвсэл, үхсэн хэсэггүй байх хэрэгтэй. Үүний тулд тодорхой антибиотик, эм, тариа хэрэглэдэг. Эмчлүүлэгч нь энэ шаардлагыг хангахаас гадна суурь өвчингүй, хавдрын түүхгүй байх ёстой. Эдгээр шаардлагыг хангасан хүнд дээрх эмчилгээг хийдэг.
-Тариа хийлгэсэн ч дахин шарх үүсэх магадлалтай юу?
-Тариаг хийлгэсний дараа тухайн газраа дахин шархлаа үүсэх магадлал тун бага. Өвчтөн сахартай хүний дэглэмээ сайн бариагүй тохиолдолд эмчлүүлснээс өөр хэсэгт, нөгөө хөл дээр нь ч юм уу шархлаа үүсэх магадлалтай. Энэ эмчилгээг хийлгэхдээ өвчтөнийг сайн ажиглаж байж, тодорхой шаардлага хангасан үед нь хийдэг тул дахин өвчлөх магадлал тун бага байдаг.
-Эмчилгээг аль эмнэлэгт хийж байгаа вэ?
-Манай эмнэлэг болон зарим хувийн эмнэлэгт хийж байгаа. Цаашид улсын клиникийн бүх эмнэлэг болон 21 аймгийн эмнэлэгт уг эмчилгээг ашиглах бүрэн боломжтой болсон байгаа.
-Үйлчилгээ сайн үзүүлдэг гэдэг утгаараа бүтээгдэхүүний өртөг өндөр үү. Үнийг нь бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Кубын өндөр биотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн тул тодорхой хэмжээний өндөр өртөгтэй. Гэхдээ тухайн хүнийг хөлгүй болохоос сэргийлж байгаа гэдэг утгаараа үнэлшгүй хувь нэмэр оруулж байгаа бүтээгдэхүүн. Манай улсад нэвтрээд удаагүй багаа болохоор эрэлт бага, түүнийгээ дагаад өртөг өндөр байгаа. Хэрэглээд дадвал мөн эрүүл мэндийн даатгалд хамруулбал үнэ илүү хямдрах боломжтой.
Холбоотой мэдээ