Хойд Америкийн ҮХЛ-н хамгийн баян багуудын нэг “Салхит хот” Чикаго хотын Чикаго Блэйкхаукс баг өнгөрсөн улиралд плэй-оффын гадна үлдсэн нь нэлээдгүй сенсаци юм. Хамгийн том зах зээл бүхий хотод байдаг, санхүүгийн хэмжээгээрээ ҮХЛ-т эхний 3-т багтдаг Чикаго Блэйкхаукс багт чухам юу болов? Ердөө гурван жилийн өмнө стэнлийн цомыг хүртэж байсан баг шүү дээ! Одоогоос яг 10 жилийн өмнө Ж.Кенневилль Чикаго Блэйкхаукс багийн дасгалжуулагчаар томилогдсон. Тэр цагаас хойш Чикаго Блэйкхаукс болон Ж.Кенневилль нарын ялгуусан амжилт эхэлж Чикаго Блэйкхаукс плэй-оффт эргэн ирээд зогсохгүй хагас зууны дараа Чикаго хотын хөгжөөн дэмжигчид стэнлийн цомыг хотдоо авчирсан. Тэ цагаас хойш Ж.Кенневилль багаа удирдан нийтдээ 3 удаа стэнлийн цомыг хүртэж энэ цаг үеийн дасгалжуулагч нарыг амжилтаараа тэргүүлэх эрхтэй болсон. Харин өнгөрсөн улиралд “Салхит хот”-ын бахдам амжилтын он жилүүд өндөрлөж плэй-оффын гадна үлдсэн. Улирлын 82 тоглолтоос ердөө 33 хожил авч 76 оноотой улирлыг өндөрлүүлсэн нь 2006-2007 оны улирлаас хойш үзүүлж буй хамгийн муу үзүүлэлт болсон.
- Багаас явсан тоглогчид: довтлогч М.Хосса, хамгаалагч Ж.Остерле хоюулаа Аризона Койотис руу, хамгаалагч К.Франсон ТХЛ-н Авангард Омск руу, довтлогч Л.Боума Швейцарын Женева Серветт руу, довтлогч А.Дуклайр Колумбус Блю Жакетс руу, довтлогч П.Шарп зодог тайлсан
- Багт ирсэн тоглогчид: довтлогч Д.Кахун Германы Ред Булл Мюнхен багаас, довтлогч К.Крюгер Каролина Харрикейнз багаас, довтлогч Ж.Шрёдер Колумбус Блю Жакетсаас, хамгаалагч А.Боквист Шведийн Брюнс багаас, довтлогч К.Кунитц чөлөөт агент, хамгаалагч Б.Маннинг чөлөөт агентаас, хаалгач К.Уард чөлөөт агентаас
Ердөө жилийн өмнө ТХЛ-ээс Орос залуу А.Панаринг авчирснаар П.Кейн-А.Панарин гэсэн маш хүчирхэг довтолгооны хослолыг бүрдүүлж чадсан. Тэдний хослол хоёрхон жил болсон бөгөөд А.Панарингүй П.Кейн ганцаардсан болов уу? Хэдийгээр П.Кейн багийн лидер хэвээрээ байгаа ч А.Панаринтай хоёр жил авсан оноо А.Панарингүй тоглосон улиралтай харьцуулахад бага байгаа. Иймд яалт ч үгүй А.Панаринг явуулсан нь Чикаго Блэйкхаукс багийн амжилтанд нөлөөлсөн байж болох талтай юм. Гэхдээ одоо бол А.Панарингүй Чикаго Блэйкхаукс баг түүхээ бичиж байна. Нэгэн цаг үед багтаа эзлэх байр суурь, авч буй оноогоороо шилдэг тоглолтыг үзүүлж байсан М.Хосса урт хугацааны бэртлийн улмаас өнгөрсөн улирал талбайн гадна өнгөрүүлсэн. Ийм түүнийг баг нь явуулсан. Мөн П.Шарп Даллас Старс багт хоёр жил тоглоод багтаа эргэн ирээд зодог тайлав. Үүнээс өөр багийг орхисон багт нөлөөтэй тоглогчид байхгүй. Харин нэлээд хэдэн тоглогчийг багтаа нэгтгээд байна. Чөлөөт агентаас К.Кунитц болон хаалгач К.Уард нарыг авчирсан нь лав л буруу сонголт биш гэж харж байна. Хаалгач К.Уард бол 2006 онд Каролина Харрикейнз багийн хамтаар стэнлийн цом хүртэж, мөн ондоо улирлын үнэ цэнэтэй тоглогч болж байсан 90-ээс хувьтай хаалга манаж буй шилдэг хаалгач юм. Стэнлийн цомыг дөрвөнтөө толгой дээрээ өргөсөн К.Кунитц энэ зун Тампа Бэй Лайтнинг багаас чөлөөт агент болсон. Канад жигүүрийн довтлогч карьерынхаа ид үедээ шилдэг тоглогч байсан. Харин одоо түүнийг нас дарсан.
ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
I ЛАЙН:
Б.Саад – Й.Тэйвз – А.Дебринкэт
Д.Кейт – Б.Сийбрүүк
II ЛАЙН:
Н.Шмальц – А.Анисимов – П.Кейн
Э.Густтафссон – К.Мюрфи
III ЛАЙН:
К.Кунитц – Д.Камп – Д.Сикура
Б.Маннинг – Й.Рутта
Өнөөгийн Чикаго Блэйкхаукс багийн лидерүүд нас хэвийж яваа тоглогчид. Гэхдээ л ойрын 2-3 жилдээ өндөр формтой тоглох бүрэн боломжтой. Д.Кейт, Б.Сийбрүүк, Й.Тэйвз, К.Крауфорд гээд тоглогчид бүгд 30 гарсан тоглогчид. Харин Н.Шмальц болон А.Дебринкет нарын залуус ирээдүйтэй залуус болоод байна. Ялангуяа А.Дебринкет рүүки улиралдаа 28 гоол оруулж багаа гоолын тоогоор тэргүүлсэн бол оноогоороо П.Кейний дараа дэд байранд бичигдсэн. Авч буй цалингаасаа хэд дахин илүү үр дүнтэй тоглолт үзүүлсэн. Ийм түүнийг баг нь ирэх жилээс, магадгүй энэ улиралд ч гэрээг нь шинэчлээд том гэрээнд гарын үсэг зурахыг үгүйсгэхгүй байна. Энэ улирал Чикаго Блэйкхаукс баг дахин плэй-оффын гадна үлдэхгүй байх. Багийн бүрэлдэхүүнийг харахад ч плэй-оффын гадна үлдэхээр баг биш. Багт бол нөөц боломж хангалттай байгаа бөгөөд ирж буй тоглогчид төдийлөн багийн амжилтанд шууд нөлөөлж чадахгүй. Маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй Чикаго Блэйкхаукс баг дахиад плэй-оффын гадна үлдвэл дасгалжуулагч ажлаа хүлээлгэж өгөх болов уу?
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ