Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн албан бичиг
Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын маань нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир ч тасрахгүй байна.
Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал мөн юм.
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1998 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Олон нийтийн үүсгэл санаачилгаар эхлүүлсэн Бөхийн өргөөний дуусаагүй барилгыг төсвийн хөрөнгө болон эргэж төлөгдөх зээлийн хөрөнгөөр санхүүжилт хийж барьж дуусгах” тухай зорилт, арга хэмжээ тусгагдаж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.122.0 (нэг тэрбум нэг зуун хорин хоёр) сая төгрөгийн 800 (найман зуу) сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 ба 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон түүхтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд үүнийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”, 3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байна.
Иймд Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэжээ.
“Монголын Үндэсний бөхийн холбоо” ТББ-ын мэдэгдэл
2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний бөхийн холбооны өмч болох Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг Засгийн газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж эсэргүүцэж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Монгол Улсын хууль, Монголын Үндэсний бөхийн холбооны дүрэм, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2003 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны долдугаар саын 4-ны өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 715 дугаар тогтоолуудын дагуу нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангасан бөгөөд Монголын Үндэсний бөхийн холбооны дээд байгууллага Их эе хуралдаж тэргүүнээрээ Л.Чинбат, Цэцийн зөвлөлийн даргаа Ү.Хүрэлбаатар нарын сонгосон. Ингээд Оюуны өмч, улсын бүртгэлийн газар бүртгүүлээд, тамга тэмдгээ авсан. Б.Бат-Эрдэнэ нарын ашиглаад байгаа тамга, гэрчилгээг 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүчингүй болгосон билээ.
Тиймээ Монголын Үндэсний бөхийн холбоо нь хоёр хуваагдсан асуудал байхгүй, харин дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг хэсэг бүлэг хүмүүс хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглан хууль бус хурал хийж, өөрсдийгөө Монголын Үндэсний бөхийн холбоог төлөөлөх тэргүүн болсон мэтээр нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж байна.
Монгол Улсын гурван шатны шүүх маргаантай асуудлыг эцэслэж шийдвэрлэсэн байхад Монголын Үндэсний бөхийн холбоо, нийт бөхчүүд, бөх сонирхогчид, олон нийтийн өмч болох Бөхийн өргөөг төрд авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Бэлтгэсэн Т.НОМИН
Холбоотой мэдээ