Бежи Каида Эс-Себси
Фото: Fethi Belaid / AFP
Тунисийн парламентын байранд шинэ ерөнхийлөгч Бежи Каида Эс-Себсийн (Beji Caid Essebsi) тангараг өргөх ёслол болсон тухай Agence France-Presse мэдээллээ.
Ерөнхийлөгч Бен Алийг 2011 онд засгаас зайлуулснаас хойш явагдсан анхны бүх нийтийн шууд сонгуулиар 88 настай Эс-Себси төрийн тэргүүнээр сонгогдлоо. Тэрээр сонгогчдын 55,68 хувийн дэмжлэг авсан байв.
Эс-Себси өөрийгөө технократ гэж хэлж байгаа ч сонгуулийн үеэр Хаммамет хотод эсэргүүцэл гарсан юм. Тэрээр Бен Алийн үед парламентын спикер байсан нь хүмүүсийн дургүйцлийг гаргажээ.
Ялалт нь хуучин хүмүүс засагт эргэн ирж байна гэсэн яриаг Эс-Себси зөвшөөрөхгүй байна. Тэрээр исламчуудын гурван жилийн захиргааны дараа улс орон нь технократ засаглал шаардаж байгаа гэж үздэг.
Тунист 2011 онд ерөнхийлөгч Бен Алийн эсрэг олон нийтийн эсэргүүцэл гарч, 1987 оноос хойш ерөнхийлөгч байсан тэрээр улс орноосоо зугтан явсан юм. Тунист засаг солигдсон тэр үйл явдал “арабын хаврын” эхлэлийг тавьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР