“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос “Шударга ёсыг Нямдоржоос эхлүүлье” нэртэй аян эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2018.09.11/мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “Шударга гэдэг нь хүний үг, үйлдэл хоёр ижил байна уу, өөр байна уу гэдгийг илэрхийлдэг. Харамсалтай нь, өөрийгөө шударга хэмээн тодорхойлдог Ц.Нямдоржийн үг, үйлдэл хоёр нь хол зөрүүтэй байгаа олон жишээ баримтыг дурдаж болох юм. Тиймээс өөрөөс нь асуулт асууж, хариулт авах шууд ярилцлагад урьж байна.
Нийтийн сонсголын хуулийн дагуу ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д дахин хүргүүлж байна. 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-д хүргүүлсэн хүсэлтийнхээ хариуг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол зохион байгуулж, өөрийнхөө нэр холбогдсон асуудлуудад зохих тайлбар өгч, хуулийн байгууллагаар шалгуулж, өөрийн гэм буруугүй болохоо хуулийн эрх бүхий байгууллагаар тогтоолгож, төрийн албаа үргэлжлүүлэхийг шаардаж байна.
АТГ, Прокурорын байгууллагаас Ц.Нямдоржтой холбогдуулан гаргасан өргөдлийнхөө хариуг шаардана. "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг тагнуулын ажилтан гэх гүтгэлэг, тэг төгрөгийн түрээс төлж зах зээлийн ханшаар 6.7 сая төгрөгийн үнэтэй тансаг байшинд амьдардаг гэх нь авлига, албан тушаалын гэмт хэрэг мөн эсэх, мөн өөрийн эхнэр, болон хүүхдүүдийнх нь нэр дээр гурван хаус, 14 орон сууц байдаг нь Нямдоржтой холбоотой эсэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар гаргасан өргөдлийнхөө хариуг шаардаж байгаа юм.
Цагдаагийн байгууллагыг улс төржүүлэн удирдаж, Монгол Улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөнд нь халдаж, МАН-ын байрны гадаа амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооны удирдлага, гишүүдийг хүч хэрэглэн эрүүдэн шүүж, харгис хэрцгий хандаж, нухчин дарахыг үүрэг болгон, тэднийг мохоохыг оролдож байгаа зүй бус үйлдлээ таслан зогсоож, нэн даруй огцорч, өөрийгөө шалгуулж, нээлттэй сонсголд орж иргэдийн асуултад хариулахыг тус тус шаардсан. Нямдорж оо!
1. Өөрийгөө шударга гэдгээ нотолчих
2. Өөрийгөө урвагч биш гэдгээ нотолчих
3. Өөрийгөө эх оронч гэдгээ нотолчих
4. Өөрийгөө сайн хуульч, удирдагч гэдгээ нотолчих. Тэгвэл бид танд үнэнчээр итгэж, зүтгэнэ" гэлээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ