Францад шинэ жилийн үдэш иргэдийн автомашиныг галдан шатаах эсэргүүцлийн үйл ажиллагаа уламжлал болон тогтжээ. Энэ жил ч мөн Францад арванхоёрдугаар сарын 31-ны үдэш 940 автомашиныг шатаасан нь өнгөрсөн оныхоос 12 хувиар буурсныг Засгийн газраас мэдээлжээ. Өнгөрсөн 2013-2014 оны шинэ жилийн үдэш 1067 автомашиныг галдан шатааж байсан аж. Францын Засгийн газраас шинэ жилийн баярын үдэш хамгаалалтаа чангатгаж, 55 мянган цагдаа, 38 мянган гал сөнөөгч үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Францын автомашин шатаах эсэргүүцлийн үйл ажиллагаа 2005 оноос эхтэй гэх боловч зарим хүмүүс бүр 1990-ээд онд эхэлсэн гэж үздэг байна. Шинэ жилийн баярын үдэш автомашин шатааж эсэргүүцэл илэрхийлэх болсон шалтгаан нарийн тодорхойгүй. Гэхдээ хэргийг хотын захын дүүргүүд дэх танхай этгээдүүд, Засгийн газрын эсрэг тэмцэгчдэд тохдог байна. Үүний зэрэгцээ хар арьст хүүг хөнөөсний хариуд иргэдийн автомашиныг галдан шатаах болсон гэх яриа ч байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse