Малчдаас татвар авч, багшийн цалинг нэмье

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Малчдаас татвар авч, багшийн цалинг нэмье

-66 сая малаас 500 төгрөг авахад л 33 тэрбум төгрөг улсын төсөвт цугларах бүрэн боломжтой-

Малчдаас татвар авч, багшийн цалинг нэмье

Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд багш нар ажил хаяснаар 11 хоног өнгөрлөө.  Цалингаа нэмүүлэх  хүсэлтэй багш нар сүхийн талбайг гороолж, Засгийн газарт шаардлага тавьж сууна.  Гэвч, тэдний шаардлагын дагуу цалинг нь 50 хувиар нэмлээ гэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж буй юм.  Засгийн газрын тайлбар, багш нарын шаардлага дунд үнэндээ гол хохирогч нь хүүхдүүд болсоор. Тэдний сурах эрх багш, төр хоёрын хоорондын зөрчил дунд үгүйсгэгдсээр.

Багш нарын шаардлагын дагуу цалин нэмэхээр бол нэг их наяд орчим төгрөг зээлэх эсвэл мөнгө хэвлэхээс өөр аргагүй байгааг Сангийн сайд хэлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын  жилийн төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө  юм. Ийм мөнгийг хэвлэх юм зээлсэн нөхцөлд эдийн засагт асар том дарамт авчирна.  Тиймээс багш нарын цалингийн нэмэгдлийг хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгахаас илүү байгаа боломжоо ашиглах ёстой. Айлаас гуйхаар авдраа уудал гэж үгтэй. Татварын шинэчлэл, өөрчлөлтөөр төсөьвт орлого хуримтлуулж, төрийн албан хаагчдын цалин нэмэх нэг боломж байна.

Монголд огт татвар төлдөггүй ч төрийн үйлчилгээ, нийгмийн халамж хүртдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Малчид, машины ченжүүд, "Нарантуул"-ын наймаачид. Юун түрүүнд тэднээс татвар авч, тэдний хүүхдүүдэд хичээл зааж байгаа багш нарын цалинг нэмэхэд яагаад болохгүй гэж.

Өнгөрсөн жил Монгол Улс  66 сая толгой мал тоолуулсан. Энэ жил малын тоо толгой мөн л тодорхой тоогоор өсөх хандлагатай байгааг албаныхан хэлж буй. Тэгэхээр малын хөлийн татвар авч, уг мөнгөөр багш нарын цалинг нэмье.  Малчид, ченжүүдээс татвар авах асуудал байнга яригддаг ч нутгаас сонгогддог гишүүдийн лоббид өртөж, замхардаг нь худлаа биш. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралаас гарах бодлогын хүрээнд малын хөлийн татварыг сэргээхээр санаачилга гаргаж байсан удаатай. Тухайн үед улсын төсөвт 83 тэрбум төгрөг суулгах тооцооллыг ч танилцуулж байсан.  Гэвч УИХ дээр энэ санал дэмжээгүй учраас  замхарч байв.

Монгол Улсад 200 мянга хол давсан малчин өрх бий. Харин малынх нь тоо 66 сая. Тоо бодоод үзье. Хамгийн багаар тооцоод нэг малаас 500 төгрөгийн татвар авлаа гэж бодоход 66 сая малаас дор хаяж  33 тэрбум төгрөг  улсын төсөвт төвлөрөх боломжтой.

Хүснэгт1- Малын тоо толгой

Малын төрөл

2014201520162017
Адуу2,995,7543,259,3363,635,4893,939,813
Үхэр3,413,8513,780,402,4,080,9364,388,455
Тэмээ349,299367,994401,347434,096
Хонь23,214,78324,943,21727,856,60330,109,888
Ямаа22,008,89623,592,92225,547,86127,346,707
Бүгд51,982,58355,979,78161,549,23666,218,959

33 тэрбум төгрөгөөр багш нарын цалин цаашлаад эмч, эмнэлгийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа цалинг хэд дахин нэмсэн ч болохоор хангалттай тоо. Мэдээж малынхаа үр шимээр амьдарч байгаа малчдаа гоочлох гэсэнгүй. 1,5 хавтгай дөрвөлжин метр квадрат  талбай дээрээ 66 сая малаа даахгүй, бэлчээрийн дутагдалд орж, цөлжилт газар авсан энэ малчдаас малын хөлийн татвар авах бас нэг зөв арга ч байж болох. Малын хөлийн татвар авснаар бэлчээрийн даацыг бууруулах, нөгөө талаасаа хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах, чанарыг эрхэмлэх гээд олон эерэг үзүүлэлт гарч болно. Ялангуяа хавар, намрын цагт тэнгэрт хаддаг махны үнэ буурахад багагүй нөлөөлнө.

Бид цалин нэмэхгүй мөнгө байгаа, байхгүй гэж маргаж суухын оронд хаана ямар боломж, бололцоо байна түүнийгээ ашиглаж, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг боломжуудыг судлахад гэмгүй. Татвар огт төлдөггүй малчдын хувьд жирийн нэг эмч, багш нар, төрийн албан хаагчдаас илүү орлоготой. Сумандаа, аймагтаа, нийслэлд нэжгээд байр, машинтай мянгатууд ч бий. Тиймээс малчдаас татвар авч, багш, эмч нарынхаа цалинг нэмээч  Сангийн сайд аа.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж