“Эрдэнэт”-ийн өр ба засгийн шүдний өвчин

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн өр ба засгийн шүдний өвчин

“Эрдэнэт”-ийн өр ба засгийн шүдний өвчин

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” группын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаалж, мөнгө зээлсэн дуулиан тойрсон үйл явдал үргэлжилсээр.   Өнгөрсөн долдугаар сард Английн Дээд шүүх дээрх асуудлыг хэлэлцээд, 98 сая ам.долларыг Монголын тал төлөх ёстой гэж шийдсэн байдаг. Хэрэвзээ уг өрийг төлөхгүй тохиолдолд  Орхон аймгийн Амарын талбай, эсвэл Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, хариуцагчийн эзэмшдэг харилцах дансанд байрлах бүх мөнгөн хөрөнгийг авах шийдвэр гаргасан талаар О.Баасанхүү гишүүн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолсон. "Эрдэнэт"-ийн энэ хэрэг дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд ахлагчаар нь Я.Санжмятав ажиллаж буй юм. Тэрбээр  "Эрдэнэтийн асуудлыг зохицуулахгүй бол Монгол Улсын гаднаас авах зээл тусламжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй  саалийн ганц үнээгээ алдахад хүрч магадгүйг сануулжээ.  УИХ, Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан. Тиймээс энэ өрийг Засгийн газар хариуцахаас өөр аргагүй болж байгаа юм. Үүнээс гадна "Эрдэнэт" үйлдвэрийн 51,49 хувьтай холбоотой маргаанаас үүдэж Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх зүйн чадамжгүй болсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлж байсан. Ийнхүү ТУЗ-ийн гишүүд эрх зүйн чадамжгүй болсон тул Засгийн газар “Эрдэнэ”-тэй холбоотой асуудлыг судлах шаардлагатай болсныг тэрбээр онцолж байв.

Тэгвэл өнгөрсөн сард Засгийн газар хаалттай хуралдаж, 51 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байдаг. Ингээд Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар ажлын хэсэгт багтжээ.

Тэд “Стандарт” банкны нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах талаар судлах аж. Эх сурвалжийн мэдээллээр бол ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдсан аж. Засгийн газрын зүгээс “Стандарт” банкны өрийг барагдуулах эх үүсвэрийг шийдэх эрхзүйн үндэслэл байхгүй тул ажлын хэсгийнхэн тодорхой шийдэлд хүрэлгүй таржээ. Хуралдааны үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Жаст групп дампуурах үеэр үлдсэн  хөрөнгийг хэн авсан нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлыг шалгах хэрэгтэй” гэсэн санааг илэрхийлжээ. Харин Шадар сайдын зүгээс Засгийн газар өр дарах асуудлаа яаравчлахгүй бол хүү нь гүйж байгааг сануулсан гэх.  УИХ-ын дэд дарга Я.Санжмятав арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол Монголын гаднаас авах зээлийг хязгаарлах, экспортоос орж ирэх мөнгийг "гацаах" зэрэг эмзэг асуудлууд ч гарч ирж магадгүй байгаа аж.  Хэргийн гол эзэн гэгдэх Ш.Батхүүг хуулийнхан дахин цагдан хорьсон бөгөөд "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан гэх асуудалд нэр холбогдоод байгаа тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар гарын үсгээ хуурамч гэдгийг мэдэгдэж буй. Юутай ч Ш.Батхүүгийн авсан зээлийн Монголын Засгийн газар төлөх нь нэгэнтэй тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт"-ийг өрийг хэн, яаж төлөх нь засгийн шүдний өвчин болжээ. Дашрамд дурдахад, Монгол Улс үүнээс өмнө  Хан ресурсын асуудлаас болж олон улсын арбитрт ялагдсан бөгөөд 100 сая ам.долларын өрөнд унасан билээ.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж