Тэнгисээс долоон хүний цогцос гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.01.02-нд нийтлэгдсэн

Тэнгисээс долоон хүний цогцос гаргалаа

 

Ява тэнгист унаж сүйрсэн “Airbus A320-200” онгоцны эрэл өнөө өглөө /I.2/ эхэлмэгц долоон хүний цогцсыг олж гаргажээ. Ийнхүү “AirAsia Indonesia” компанийн онгоцонд зорчиж явсан 162 хүний 16-гийнх нь цогцсыг олж гаргаад байна. Үүнээс онгоцны үйлчлэгч Хаяати Лутфиа Хамидыг хурууны хээгээр хамгийн түрүүнд таньж, гэр бүлийнхэн нь түүнийг өчигдөр /I.1/ Индонезийн Сурабая хотод нутаглуулжээ.

 

Одоогийн байдаар Ява тэнгисийн орчим цаг агаарын байдал сайжирч, хөлөг онгоцнууд нэмэгдэж ирсэн байна. Олон улсын хамтарсан эрлийн баг зорчигчдын цогцосноос гадна сүйрсэн онгоцны хар хайрцгийг хайхад анхаарч буй юм. Онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг 30 орчим хоног барьдаг аж.

 

Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “AirAsia Indonesia” компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн ням гаригийн /XII.28/ өглөө Ява тэнгист унаж сүйрсэн юм. Онгоцонд 162 хүн зорчиж явсны 90 гаруй хувь нь Индонезийн иргэд байсан билээ. Түүнчлэн “азгүй” нислэгт 17 хүүхэд, нэг нярай зорчиж явсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press, Asian correspondent

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж