Элчин сайдад горилогчид ба гологдогсод

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Элчин сайдад горилогчид ба гологдогсод

-Б.Хурц БНСУ-ын талд гологдож, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нар Ерөнхийлөгчид "дахин" гологдох уу-

Элчин сайдад горилогчид ба гологдогсод

Мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ядахнаа фракц нэг нөхдүүд Элчин сайдаар томилогддог жишиг Монголын хувьд бичигдээгүй хууль болсон. Тухайн улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр Элчин сайдаар томилогддог. Тэгвэл  Элчин сайдад нэр дэвшигчдээс итгэмжлэх жуухаа хамгийн удаан хүлээж баярлан, гомдож суугаа хоёр хүн бол Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар. Тэднийг одоогоос бараг нэг жилийн өмнө Япон, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад санал болгосон ч  Ерөнхийлөгч итгэмжлэх  жуух бичиг өгөхөөс томилохоос татгалзаж, Засгийн газарт өөр нэр дэвшигч оруулж ирэхийг үүрэгдэж байв. Энэхүү шалтгаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн албан бичигтээ дурдсан байдаг.

Гэвч тэднийг дахин Элчин сайдад нэр дэвшүүлж, ингэхдээ Г.Тэнгэрийг Австралид, Н.Чимгүүндарийг Тайландад Монголыг төлөөлүүлэхээр  Засгийн газраас өргөн барьсныг УИХ-аар баталсан ч  мөн  Ерөнхийлөгч  дээр очоод гацаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарт Төрийн тэргүүний зүгээс итгэмжлэх жуух бичгийг өнөөг хүртэл өгөөгүй байна.

Элчин сайдад нэр дэвшигчдэд итгэмжлэх жуух бичгээ гардуулах эсэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх юм. 

Түүнчлэн Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуухаа хүлээж байгаа хүн бол ТЕГ-ын дарга асан  Б.Хурц. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газраас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлж байв. Гэвч, энэ томилгоо УИХ-ын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч Ерөнхийлөгчийн зүгээс түүнд итгэмжлэх жуухаа гардуулаагүй юм. Б.Хурцын томилгоо гацсан шалтгаан нь БНСУ-ын талаас өнөөдрийг хүртэл хариу ирэхгүй байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж буй. Ийнхүү  Б.Хурц, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр  нарын Элчин сайдаар явах хүсэл талаар болж байх шиг.

Үүнтэй зэрэгцээд шинэ Элчин сайдуудын нэрс тодорч, Гадаад хэргийн яам хөл хөдөлгөөнтэй байгаа бололтой. Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа энэ онд дуусч байгаа. Тиймээс дээрх улсад Элчин сайдаар томилогдох сайд нарын нэр тодорч эхэлжээ. Тухайлбал, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр /Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү/, Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор яригдаж буй гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж