ОХУ-аас гуйсан 100 тэрбум рубль хаана шингэх бол?

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

ОХУ-аас гуйсан 100 тэрбум рубль хаана шингэх бол?

ОХУ-аас гуйсан 100 тэрбум рубль хаана шингэх бол?

Нэг зуун тэрбум рублийг гурвантаа гуйж буй Монголд Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх энэ удаагийн айлчлал ээлээ өгөх болов уу. Хоёрхон жилийн өмнө өр тэглэсэн учраас ямартай ч энэ удаад зээлийн л асуудал яригдаж таарна. Тэр тусмаа энэ сарын 4-нд Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга А.В.Гордеевтэй ажлын уулзалт хийх үеэрээ ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудаа шинэчлэх зорилгоор 100 тэрбум рублийн зээлийн санхүүжилтийг ОХУ-аас хүсчээ гэсэн мэдээлэл анхаарал татлаа.

Энэхүү 100 тэрбум рублийн зээлийн талаар анх 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдааны дараахан яригдаж байв. Тухайн үед Оросын  lenta.ru сайт “Монголын тал ийм хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч энэ зээлээ юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарлахаас  татгалзсан байна. Москва ийм хэмжээний зээл өгөхөөс татгалзаад “Монголын тал энэ зээлээ юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлаагүй нөхцөлд Оросын тал танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” хэмээн мэдээлж байв. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны хоёрдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээр хийх үеэрээ ийм санал тавьж байв. Тухайн үед дээрх мөнгөөр “УБТЗ” ХНН, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах тухай ярьж байсан юм. Харин Оросын тал “Өнгөрсөн жил буюу 2016 оны хоёрдугаар сард их өрийн асуудлыг шийдсэн учраас хоёр тал төслөө тохирчихвол ярилцаж болно. Мөн танай ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна” гэсэн хариу өгч байжээ. Үнэхээр ч дээрх саналыг тавихаас нь яг нэг жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурснаар Монголын талын төлөх ёстой, хугацаа нь хэтрээд байсан 174.2 сая ам.долларын өрийн 97 хувийг чөлөөлж хүчингүй болгосноор Монгол Улс ОХУ-д 3.8 сая ам.долларын өртэй үлдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Уг нь одоо У.Хүрэлсүхийн Засгийн газарт дээрх зээлийн гуйлтын буухиаг үргэлжлүүлэх “ээлж” нь ирэх учиртай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас яваагүй. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд үүнээс долоо хоногийн дараа Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорьж “таарав”. Тэрбээр энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитинтэй уулзсан байдаг. ОХУ-ын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг ахалж байсан И.Левитинтэй уулзсаных төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцсан, хамгийн гол нь энэ үеэр ч дээрх 100 тэрбум рублийн зээлийн хүсэлтийг тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зээлийн хүсэлтийн асуудлыг дахин хөндөх нь. Харин зээлийг юунд зарцуулах нь эхлээд “тодорхойгүй эсвэл нууц”, дараа нь “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийг шинэчлэхэд хэмээн хаяглагдаж байв. Сонирхолтой нь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд яг энэ асуудлаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзаж байв. Мөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн ч байлцжээ. Цаг үеийн хувьд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд удаагүй, 2017 оны есдүгээр сарын эхээр Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохын өмнө, цаашилбал хойш хөршид Ерөнхийлөгчийн хувиар анх удаа очих гэж байсан, энэ нь анхны гадаад айлчлалын хэмжээнд яригдсан нөхцөл байдлуудын улмаас анхаарал татаж байсан. Энэ уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх, мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт хийх, модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэргийг багтаасан байв. Товчхондоо УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болсон, иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярьж байж. Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл “шил дарсан” осол аваар үргэлжилж дээрх хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэйг харуулсаар байна.

Хэдийгээр Оросын тал “юунд зарцуулахаа тодорхой болгохыг” шаардсан ч ДЦС-уудын шинэчлэлээс гадна 100 тэрбум рублийн зээл хүсэх гол шалтгаан нь УБТЗ-ын шинэчлэлд байсан болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж