Хичээл эхэлж сурагч, оюутан залуус нийслэлд "төвлөрлөө". Үүний хэрээр үйлчилгээний газрын тэр дундаа цахим тоглоомын орлого ч нэмэгдэж байгаа нь нууц биш.
Хотын дарга энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох байгууллагад өгсөн. Уг үүргийг биелүүлсэн эсэхийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Хотын даргын үүргийг хэрхэн биелүүлж байна вэ?
-Хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, шөнө ажиллах зэрэг зөрчил гаргаж байгаа газрыг хаах үүрэг өгсөн. Үүнийг хүмүүс бүх цахим тоглоомын газрыг хаана гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш. Бүх цахим тоглоомыг газрыг хааж болохгүй. Энэ нь хүний эрхэд халдсан зүйл болно. Харин үйлчилгээний журмаа зөрчиж буй газруудын бүртгэлийн гэрчилгээг цуцалж, хаасан.
-Одоогоор нийслэлд цахим тоглоомын хэдэн газар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн бүртгэлд нийслэл хотод цахим тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах бүртгэлийн зөвшөөрөлтэй 296 иргэн, аж ахуйн нэгж байна. Бид эдгээр байгууллагад шалгалт хийгээд цаг хэтрүүлэн ажилласан зэрэг тодорхой хэмжээний зөрчил гаргасан 54 газрыг хаасан. Гэхдээ 45 газар шинээр нээгдэж, цахим тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах бүртгэлийн зөвшөөрөл авсан байна.
-Цахим тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэрхэн олгож, хаадаг вэ?
-"Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-д тусгаснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ)-ны зүгээс цахим тоглоомын газруудыг бүртгэлжүүлэх ажлыг хийдэг. Бүртгэлжүүлж, зөвшөөрөл олгохдоо гурван байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэдэг. Мэргэжлийн хяналтаас орчин нөхцөл нь тоглоомын газар ажиллуулах боломжтой эсэх, Онцгой байдлаас галын аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх, Цагдаагаас дүгнэлт тавьсны (Гадна талын хаяг, цагийн хувиар байршуулсан эсэх, үйлчилгээний цагийн хуваарь, ажиллах дотоод журам, камерийн хяналт 21-ээс дээш хоногийн бичлэг хадгалдаг эс) үндсэн дээр зөвшөөрөл олгодог. Мөн Цагдаагийн байгууллагаас тухайн цахим тоглоомын газар журмын дагуу ажиллаж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Зөрчил гаргасан тохиолдолд ХХЗХ-нд мэдэгдэл ирүүлж, тухайн саналыг үндэслэн зөрчилтэй байгаа газруудын зөрчлийг арилгуулах, заримыг нь хаах арга хэмжээ авдаг.
-Цахим тоглоомын газрын зөрчлийг багасгахад юу саад болж байна вэ?
-Цахим тоглоомын үйл ажиллагаатай холбоотой бүх асуудал Засгийн газрын 2013 онд баталсан 410 дугаар журмаар явдаг. Олон жилийн өмнө баталсан журам болохоор энэ үед мөрдөхөд хүндрэлтэй байдаг. Тиймээс уг журмыг шинэчлэх төсөл боловсруулахаар ажиллаж байна.
-Өөрчлөх шаардлагатай байгаа зүйлээс дурдахгүй юу?
-Нийслэлийн Цагдаагийн газраас цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр бодлогын түвшинд журамд нэмэлт өөрчлөлт оруулах, ажлын байрны шаардлагыг өндөрсгөх, хүлээх хариуцлагыг өндөрсгөх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метр доторх зайд интернет, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох, удаа дараа зөрчил гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцлуулсан иргэн, аж ахуй, нэгж, байгууллага, барилга, байгууламжид дахин бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх зэрэг саналыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран Хууль зүйн яаманд хүргэсэн.
ЭХНИЙ ДӨРВӨН САРД 25 ХҮҮХЭД СЭМҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖЭЭ
Мэргэжилтний хэлсэнчлэн цахим тоглоомын газрын үйл ажиллагааг хаах нь хууль эрх зүйн хувьд боломжгүй зүйл. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газрууд журмаа мөрдөж, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газраар хомс Монгол шиг оронд цахим тоглоомыг цахим спорт болгон хөгжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байгаа юм. Үүний тулд цахим тоглоомын газрууд журмаа мөрдөж, бусдын хүүхдийн эрүүл мэндийг бодолцох шаардлагатай байна. Удаан хугацаанд компьютер ширтэж, цахим тоглоом тоглосноор хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлөхөөс гадна сэтгэцэд нөлөөлдөг. Тухайлбал, 2015-2017 онд 209 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн байдаг. Харин энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар 25 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтон СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ.
Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу орон сууцны нэгдүгээр давхар, зоорийн давхарт интернет, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэхийг хориглодог ч тухайн орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр “Үйлчилгээний зориулалттай” гэж заасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг нь учир дутагдалтай юм.
ӨДРИЙН ОРЛОГО 0.5-1 САЯ Ч ТОРГУУЛЬ НЬ 50 НЭГЖ
Мөн цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчилнэ. Гэхдээ журмын 2.4.-т зааснаар 9-16 хүртэлх насныхан буюу насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд (дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 20.00 цаг, өвлийн улиралд (аравдугаар сарын 1-нээс дөрөв дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа хоёроос илүүгүй цагаар үйлчлэх журамтай.
Эдгээр журмыг зөрчиж буй цахим тоглоомын газар байвал Цагдаагийн газарт мэдээлж, олон хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлээрэй.
Хамгийн гол анхаарах зүйл нь, цахим тоглоомын газар зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог ч мэргэжилтний хэлж буйгаар интернет, цахим тоглоомын газрын нэг өдрийн дундаж орлого 500.000-1.000.000 төгрөг хүрдэг учир хуульд заасан торгуулийн хэмжээ бага байгаа юм. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ