ОХУ, Монгол, Хятад гурван улсын хамтарсан “Восток-2018” цэргийн сургуулилт өнөөдөр (2018.IX.11) Сибирьт эхэллээ. Хөрш орнуудын цэргийн сургуулилтад 300 мянган цэрэг оролцож буйгаараа дэлхийн түүхэнд хамгийн томд тооцогдож байна. Энэ нь 1981 онд ЗХУ-ын зохион байгуулсан “Запад-81” цэргийн сургуулилтаас даруй хоёр дахин их цэрэг оролцож байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө болсон “Восток-2014” цэргийн сургуулилтад 155 мянган цэрэг оролцож байв. Мөн өнгөрсөн онд Зүүн Европт болсон Запад-2017 цэргийн сургуулилтад ердөө 12,700 цэрэг оролцсон гэж Москва мэдээлжээ. Харин Украин болон Балтын тэнгисийн орнууд цэргийн сургуулилтад оролцсон хүний тоо илүү олон байсан гэж мэдэгдсэн аж.
“Восток-2018” цэргийн сургуулилтад 36 мянган машин техник, 1000 нисдэг тэрэг, нисэх онгоц, 80 байлдааны хөлөг онгоц оролцохыг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлэв. Үүнд цөмийн хошуу тээвэрлэх боломжтой Искандер пуужин, Т-80, Т-90 танкууд, СУ-34, СУ-35 байлдааны нисэх онгоцнууд багтаж байна. “Танк, байлдааны болон хуягт техникүүд нийлсэн 36 мянган автомашин нэгэн зэрэг хөдөлж байна гэж бодоход л танд тулааны төсөөлөл буух биз” хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм.
Бүтэн долоо хоног үргэлжлэх өргөн хүрээтэй энэхүү цэргийн сургуулилт нь том хэмжээний зөрчлийн эхлэлийг тавина хэмээн Умард Атлантын цэргийн эвсэл (НАТО) мэдэгджээ. Харин ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захаровка цэргийн сургуулилт НАТО-гийн хилээс алс хол газар болж буй төдийгүй гишүүн орнуудын аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж мэдэгджээ. Оросын цэргийн шинжээч Павел Фелгенхауэр Москва болзошгүй дэлхийн дайнд бэлдэж байна гэж энэ удаагийн цэргийн сургуулилтыг дүгнэжээ. Түүний тайлбарласнаар ирэх 2020 эсвэл тэрний дараа олон улсыг хамарсан дайн дэгдэх эсвэл том хэмжээний удаа дараагийн зөрчил үүсч магадгүй гэж ОХУ-ын жанжин штаб үзжээ. Дайсан нь АНУ болон түүний холбоотнууд байх аж. Гурван улсын цэргийн сургуулилтад Хятадын 3200 цэрэг оролцсон нь үүний нотолгоо гэж тэрбээр мэдэгджээ. Энэ хооронд ОХУ-ын алс зүүн хязгаарын Владивосток хотноо зохион байгуулж буй эдийн засгийн чуулга уулзалтад гурван улсын төрийн тэргүүн нар оролцож буй.
ОХУ болон Барууны хооронд зөрчил 2014 оноос илтэд нэмэгдсэн юм. Тухайн үед Украинд засаг солигдсоноор Оросын талыг баримтлаг зүүн хязгаарт зөрчил гарч, Крым хойг Киевээс салж, Москвад нэгдсэн билээ. Украин улсын шинэ засгийн газар ОХУ-ыг орхиж, Европын холбоонд нэгдэж, НАТО-гийн гишүүн болох нөхцөл байдал үүссэн. Үүнийг НАТО баруун тийш хүрээгээ тэлж, ОХУ-ын хилд тулж ирснээр үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж Москва буруутгажээ. Украины зөрчлөөс хойш ОХУ нь Кавказ, Балтын тэнгис болон Арктикт олон удаа томоохон цэргийн сургуулилт хийсэн. ОХУ энэ долоо хоногт ч мөн Газар дундын тэнгист 25 мянга гаруй байлдааны хөлөг, 30 орчим байлдааны нисэх онгоц оролцсон цэргийн сургуулилтыг явуулсан билээ. Харин нөгөө талд Украин болон АНУ, НАТО-гийн 2200 орчим цэрэг оролцсон армийн сургуулилт энэ есдүгээр сард болсон юм.
Холбоотой мэдээ