Улирлын өмнө: Ванкувер Кэнайкс

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Ванкувер Кэнайкс

Улирлын өмнө: Ванкувер Кэнайкс

Канадын баруун Номхон далайн эрэгт орших Ванкувер хотын Ванкувер Кэнайкс баг плэй-оффт шалгарч чадалгүй гуравдахь дахь улирлаа үдлээ. Одоогоос 6-7 жилийн өмнө л стэнлийн цомын финалд өрсөлдөж, тогтмол плэй-оффт шалгарч байсан Ванкувер Кэнайкс баг уналтанд ороод байна. Өнгөрсөн улирал багийн хувьд томоохон өөрчлөлтийн жил байлаа. 47 настай Канад залуу Т.Грийн хэмээх эрхмийг дасгалжуулагчаараа томилсон бөгөөд улирлыг өндөрлүүлээд Швед ихэр залуус Даниел болон Хенрик нар зодог тайлсан. Ихэр ах дүүсийн сүүлийн улирал амжилтгүй өндөрлөж Т.Грийн дасгалжуулагчийн удирдлага дор баг нь 31 хожил авч 73 оноотой бүсийн сүүлээсээ хоёрдугаарт бичигдэх амжилт үзүүллээ. Одоо багт шинэ үе эхлэж байна.

  • Багаас явсан тоглогчид: Даниел Седин, Хенрик Седин хоюулаа зодог тайлсан, довтлогч М.Чапут Монерал Канадиенс руу, довтлогч Н.Дауд Вашингтон Капиталс руу
  • Багт ирсэн тоглогчид: довтлогч Т.Керо Чикаго Блэйкхауксаас, довтлогч Ж.Бигл Вашингтон Капиталсаас, довтлогч А.Руссель Даллас Старсаас, довтлогч Т.Шаллер Бостон Брюинсээс

Ах дүү Сединүүд зодог тайлснаар Ванкувер Кэнайкс багийн дараагийн шилдэгүүд хэн байх вэ. Ах дүү Швед залуус олон жил багийн нүүр царай болж, лидерийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Энэ цаг үед Ванкувер Кэнайкс багийн драфтын сонголтууд багтаа аль хэдий нь байр сууриа баттай эзлээд байна. Тухайлбал, 2013 оны драфт Б.Хорват, 2014 оны драфт Ж.Виртанен болон 2015 оны драфтын сонголт Б.Буэсер нарыг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн улиралд Б.Буэсер 29 гоол, 26 дамжуулалт өгч 55 оноотой багаа Д.Сединий хамтаар оноо авалтар тэргүүлсэн бол Б.Хорват 44 оноо, Ж.Виртанен 20 оноо авсан. Гэхдээ эдгээр залуус улирлын турш бүтэн тоглолтонд оролцоогүй гэдгийг онцлох ёстой. Б.Хорват Л.Эрикссоны хамтаар хамгийн өндөр буюу 7 сая ам.долларын цалин авч байгаа бөгөөд 2022 он хүртэл гэрээтэй байгаа. Энэ зун Ж.Виртанентай хоёр жилийн 2.5 сая ам.долларын шинэчилсэн гэрээ байгуулсан бол Б.Буэсер гэрээгээ сунгаагүй байна. Б.Боуэсер 925 мянган ам.долларын цалин авч байгаа бөгөөд багтаа үзүүлж буй нөлөө, тоглолтын үзүүлэлт нь цалингаасаа давсан. Иймд Б.Буэсер шинэ гэрээ байгуулах нь дамжиггүй байх. Йим шилдэг ирээдүйтэй залуу тоглогчоо амархан тавиад явуулчихгүй болов уу. Харин энэ зун ах дүү Сединүүдийг эс тооцвол бусад тоглогчид нь багт нөлөөлөхүйц тоглогчид биш. Эсрэгээрээ багт ирсэн тоглогчид тун боломжийн туршлагатай тоглогчид байна. Вашингтоноос ирсэн Ж.Бигл стэнлийн цомын хүртээд үзчихсэн, тун боломжийн тоглолттой.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

С.Берчи – Б.Хорват – Б.Буэсер

А.Эдлер – К.Танев

II ЛАЙН:

Й.Далейн – Э.Петтерссон – Л.Эрикссон

Дель Зотто – Э.Гудбрансон

III ЛАЙН:

М.Гранлунд – Б.Суттер – Ж.Виртанен

О.Жуолеви – Т.Стечер

Улирлын өмнө багт бэртэл гэмтлийн асуудал байхгүй байна. Ванкувер Кэнайкс ойрын 1-2 жилдээ плэй-оффт гарч ирэх боломж хомс байж болох ч ирээдүйд багийн драфтын сонголтоор авсан тоглогчид дээрээ ирээдүйд "аюул" тарих баг болж магадгүй. Ингэхийн тулд залуу тоглогчдоо авч үлдэх нь хамгийн чухал. Бас нэг асуудал бол дасгалжуулагч. Залуу дасгалжуулагч Т.Грийний NHL дэх карьерын эхний жил тийм ч амжилттэй байсангүй. Гэхдээ эхлэл гэж харъя. Өнөөгийн Ванкувер Кэнайкс баг санхүүгийн хувьд бас ч боломжийн байгаа. Одоогийн байдлаар нийт цалингийн цэс нь 53.8 сая ам.доллар. Дахин 23 сая ам.долларын цалингийн зай бий. Иймд дахин “том” тоглогч авчирах ч боломжтой юм. Гэхдээ “том”-чууд үргэлж плэй-оффт баттай өрсөлдөх багт ирэх нь дамжигггүй. Ямартаа ч Ванкувер Кэнайкс багийн ойрын 2 жилдээ үгүй юмаа гэхэд ирээдүй бол гэрэлтэй харагдаж байна. Магадгүй хэдхэн жилийн дараа Б.Хорват-Б.Буэсер гэсэн шилдэг хослол NHL-д гялалзахыг үгүйсгэхгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж