“Улсын комисст хараагүй дөрвөн хүн ажиллаж байгаа”

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

“Улсын комисст хараагүй дөрвөн хүн ажиллаж байгаа”

“Улсын комисст хараагүй дөрвөн хүн ажиллаж байгаа”

Монгол Улсад 16 мянган харааны бэрхшээлтэй иргэн бий. Тэдний ердөө таван хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Харин бусад оронд харааны бэрхшээлтэй иргэдийн 30-аас их хувь нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний хөдөлмөр эрхлэлтийг Засгийн газраас нь бодлогоор дэмждэг юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, гэрлэн дохио хийхэд энгийн замын өртөг дээр 2-3 хувийн нэмэлт өртөг шаардагддаг байна. Харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхээс гадна сурч боловсрох зэрэг олон эрх Монголд зөрчигдөж байна. Энэ байдлыг хэрхэн сайжруулах талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болдсайханаас тодрууллаа.


-Монголд хараагүйчүүдэд зориулсан орчин хангалтгүй байдаг. Үүнийг хэрхэн сайжруулах вэ?

-Хараагүй хүмүүст зориулсан хөдлөх, явах, бие даан нийгмийн үйлчилгээ авах зэрэг зөөлөн болон хатуу дэд бүтцийн асуудлыг багцаар нь хүртээмжтэй орчин гэж нэрлэдэг. Сүүлийн жилд энэ асуудлыг идэвхтэй ярьсны дүнд зарим нэгэн зүйл хууль эрхзүйн хувьд шийдэгдсэн боловч амьдрал дээр хууль хэрэгжээд, хараагүйчүүдэд зориулсан товгор зам, гэрлэн дохио зэрэг нь бэлэн болоогүй байна. Өөрөөр хэлбэл, хараагүйчүүдэд зориулсан орчин бодитоор бий болоогүй. Тиймээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь чухал байна. Саяхнаас барилга байгууламж, зам талбай хүлээн авах улсын комисст харааны бэрхшээлтэй дөрвөн хүн ажиллаж байгаа.

-Дэлхий нийтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай хэрэгцээт боловсролоос гадна хамт олонд тулгуурлан хөгжүүлдэг болж. Харин манайд?

-Хараагүй иргэдийн нийгмийн үйлчилгээ бол нэлээд тулгамдсан асуудал. Олон улсад тусгайлсан үйлчилгээ гэхээсээ илүү нийгэмшсэн, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлж явах ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Гэхдээ манайд нэгэн туйлшрал бий болоод байна. Тэр нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгэмшсэн үйлчилгээ л байх ёстой. Тусгай үйлчилгээ буруу гээд тусгай үйлчилгээг үгүйсгэж байгаа байдал. Энэ нь тун буруу. Тайландад тусгай хэрэгцээний бүх сургуулийг хаагаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүгдийг нь нийгэмшүүлэхээр болсон. Гэтэл энэ алхам буруудаж, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийг дахин нээсэн. Эдийн засаг, газар нутгийн байршилтай уялдан дээрх хоёр үйлчилгээг хоёуланг нь зэрэгцүүлэн явах ёстой.

-Хараагүй иргэд хөдөлмөр эрхлэх боломж хэр байдаг вэ?

-Хараагүй иргэдийн 4-5 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хараагүй болсноор орчноос авах мэдээллийнхээ 80 хувийг алддаг. Массажист, утасны оператор зэрэг хараагүй хүмүүст зориулсан цөөн ажил байдаг. Технологийн дэвшилтэй холбоотойгоор бидэнд шинэ боломж гарч ирж байна. Тиймээс хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд гурван зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Нэгдүгээрт, шинэ техник, тоног төхөөрөмжид тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө хөгжүүлэх. Хоёрдугаарт,  нийгмийн зүгээс хараагүй иргэдийн хөдөлмөр эхлэлтийг хүлээн зөвшөөрөх, хандлагаа өөрчлөх. Гуравт, шийдвэр гаргагчид хууль эрхзүйн орчин бий болгож, хэрэгжилтэд хяналт тавих. Олон улсад хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт 30 хувьтай байдаг. Харин манайд үүнээс зургаа дахин бага байгаа нь анхаарах ёстой зүйл гэдгийг баталж байна. Мөн ажилтай боллоо ч ажилдаа явах зам нь тэдэнд зориулагдсан байх ёстой. Тиймээс дэд бүтэц хүртээмжийн асуудал нь хөдөлмөр эрхлэлттэй холбогддог. Хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь нэгнээсээ хамааралтай байдаг тул асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Зөвхөн нэгийг дагнан хийх нь үр дүнгүй.

-Их хэмжээний төсөв шаардалгүйгээр хараагүй иргэдийн төлөө хийх эхний ажил юу байж болох вэ?

-Аливаа барилга, зам талбайг барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гэрлэн зохио зэрэг шаардлагатай зүйлийг тусгах шаардлагатай байна. Үүнийг хийхэд тухайн зардал дээр 2-3 хувийн нэмэлт зардал гардаг гэж үздэг. Тиймээс аливаа зүйлийг анх хийхдээ энэ бүхнийг тусгах хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд өмнөх зүйлийг эвдэх шаардлага гардаг.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж