ОХУ-д тэтгэврийн нас нэмэгдүүлэхийг эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

ОХУ-д тэтгэврийн нас нэмэгдүүлэхийг эсэргүүцэн жагсав

ОХУ-д тэтгэврийн нас нэмэгдүүлэхийг эсэргүүцэн жагсав

ОХУ-д тэтгэврийн нас нэмэхтэй холбогдуулан 800 гаруй хүн эсэргүүцэн өчигдөр /2018.09.09/ Москва болон Санкт-Петербург хотноо жагсжээ. Үүнээс 354 хүнийг Санкт-Петербург хотод болсон жагсаалаас саатуулсан байна. Мөн Москва хотын Пушкин төв талбайд хоёр мянган хүн эсэргүүцэн жагссан болохыг Ройтерс агентлаг мэдээлжээ.

“Путин бол хулгайч”, “Орос бол эрх чөлөөтэй орон”, “Худалч Путин” зэрэг уриа лоозонг жагсаалд оролцсон эсэргүүцэгчид барьжээ. Мөн зарим жагсагчид Москва хотын төв рүү явсанд цагдаа нартай тулгарсан байна. Тэтгэврийн нас нэмэхийг эсэргүүцсэн жагсаал боловч залуучууд идэвхтэй оролцсон аж.

“Би тэтгэврийн нас нэмэхийг эсэргүүцэж байна. Би эх орондоо амьдрах эрхтэй. Ирээдүйдээ итгэж урт удаан амьдармаар байна” гэж жагсаалд оролцсон 22 настай Николай Бродин сэтгүүлчдэд ярьжээ. Мөн 23 настай Катя Шомникова “Эрх баригчид миний ирээдүйг хулгайлж байна. Би өөртөө болон хүүхдүүддээ сайн сайхан амьдралыг хүсч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ урьд нь тэтгэврийн нас нэмэх шаардлагатай байгаа талаар хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийсэн боловч ард иргэд нь тун сөргөөр хүлээн авсан. Эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 60-аас 65 болгож харин эмэгтэйчүүдийн насыг 55-аас 60 нас болгох төсөл санаачилсан юм. Одоогийн байдлаар тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төсөл нь парламентаар хэлэлцүүлж байгаа бөгөөд батлагдах эсэх нь мэдэгдэхгүй байна. ОХУ-д дундаж наслалт эрэгтэйчүүд 66 байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77 гэж бүртгэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж