Баянзүрхийн товчоо орох замыг маргааш хаана

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Баянзүрхийн товчоо орох замыг маргааш хаана

Баянзүрхийн товчоо орох замыг маргааш хаана

Авто замын түгжрэл, зам гүүрийн засвар бүтээн байгуулалттай холбоотой хаагдсан замын ажлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл оролцов.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.ИНДРА:

-Баянзүрхийн товчоо орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхлээд явж байгаа. Тодруулбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засч, дахин хучаад, уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгох ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг есдүгээр сарын 11-21 буюу маргаашнаас эхлэн 10 хоног хаах юм. Ингэхдээ Богд уулын замаас Туулын гүүр, Баянзүрхийн товчооноос Богд уулын зам руу эргэх урсгалыг хэсэгчилж хаана. Нийтийн тээврийн хувьд богино эргэлтээр явна. Тухайлбал, нийтийн тээврийн автобус Богд уулын замаар яваад товчооны наад хэсэгт зогсоно. Налайхаас ирэх тээврийн хэрэгсэл ч мөн Баянзүрхийн товчоо хүртэл явах нь. Харин иргэд энэ хоорондох 20 метр газарт алхаж, автобусандаа дамжин сууж болох юм байна. Зүүн чиглэлийн орон нутгийн тээврийн хэрэгслүүдийн хувьд Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын дөрөвдүгээр зөрлөгөөр лайран Төв аймгийн замаар хотын төв рүү орох юм байна. Энэ хэсгүүдэд замын цагдаа нар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулах юм байна.

Яармагийн гүүрний хувьд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гүүрний замыг есдүгээр сарын 15-наас хэсэгчлэн хаах юм. Өөрөөр хэлбэл, гүүрний урд хэсгийг хаах үеэр хойд хэсгээр нь хөдөлгөөнийг нэвтрүүлэх бол хойд хэсгийн засварыг хийх үеэр урд хэсгээр зорчуулах нь. Тиймээс энэ хэсгийн замд түгжрэл үүсэх магадлал өндөртэй тул нисэх онгоцны буудал явах иргэд 1-2 цагийн өмнө гарахыг зөвлөж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Б.БАТБОЛД:

-Зам засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын ачаалал нэмэгдэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 300 орчим мянган авто машин тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Гол замууд болох Яармагийн гүүр, Олимпын гудамж дээр засвар хийж байгаатай холбоотойгоор замын цагдаа нар зохицуулалт хийх шаардлагатай болоод байна. Тухайлбал, Төв шуудангийн ачааллыг багасгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний зүүн талаас ирдэг уулзварыг Гадаад харилцааны яамны зүүн талаар урагш эргүүлээд, Олимпын гудамжаар оруулж, Энхтайваны гүүрний гэрэл дохиотой уулзвараар оруулах зохицуулалт хийнэ. Хоёрдугаарт Цэцэг төвийн уулзварыг урагш нэг чигийн урсгалтай болгоно. Үүнтэй холбоотойгоор Орос элчингийн уулзвар нэг чигийн урсгалтай байсныг хоёр урсгалтай болгож байгаа. Уулзваруудын гэрэл дохио дээр тоогоор мэдээлдэг төхөөрөмж тавина.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж