Владивосток руу дайх үг

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Владивосток руу дайх үг

-Украин, Монголын ялгааг учирлаж амжилтад хүрээрэй -

Владивосток руу дайх үг
battulga

2017 оны есдүгээр сарын 4. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны гадаад айлчлалаа ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын Эдийн засгийн III чуулга уулзалтаас эхэлсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн “Зүүн Хойд Азийн бүс нутгийн чухал уулзалтад Монгол Улс анх удаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна” гэдгийг онцолж байв. Гол үр дүн нь  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавьж ярилцсан байдаг. Мөн энэ үеэр нисдэг тэргээр Восточный боомтод очиж үйл ажиллагаатай танилцсан. Восточный боомтын тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 4.491 км зайд оршдог. Япон тэнгисийн Находкийн буланд Врангелийн хоолойд оршдог холбооны улсын хэмжээний далайн боомт юм. Номхон далай дахь ОХУ-ын тээврийн “Восточный Находка” гэсэн томоохон зангилаанд ордог.  ОХУ-ын  хэрэгжүүлж буй, мөн Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1” олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм. Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт энэ форум болдгоороо онцлогтой. Эндээс Монголын Ерөнхийлөгч төмөр замын транзит тээврийн тарифын 25 хувийн хөнгөлөлтийг авчирсан. Тухайлбал, 2018 оны зургадугаар сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ амжилттай болсон бөгөөд тус үеэр Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан билээ.

Оросын төр Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн бодлого баримталж буй. Тиймээс энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болон дэд бүтцийн томоохон сүлжээнүүдийг байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар ярилцсан байдаг. Мөн манай талын санаачилгаар тус бүс нутагт хамтарсан компани байгуулах, Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглаж Монгол Улс хожъё гэдэг агуулгаар Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар тохирсон.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм. Энэ нь гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн. Хариулт нь монголчуудын олон жил хүлээсэн үг байж чадсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Эргэлзээ төрүүлсэн энэ хариулт саяхан буюу 2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон. Харин энэ талаар хэн ч чанга хашгирч, албан ёсны мэдээлэл болгон цуурайтуулж чадахгүй байгаагийн учир зангилаа энэ удаад буюу нэг жилийн дараа Владивостокт Х.Баттулга, В.Путин нар уулзахдаа ямар шийдвэр гаргахаас шалтгаалах биз ээ.

Восточный боомт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох эсэх энэ бүхэн салшгүй холбоотой асуудал. Чиндаод Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт хийж Эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудлаар В.Путинээс анх удаа дэмжлэг авч чадсан. Улмаар “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Эдийн засгийн коридор байгуулах төслөө Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн байдаг.

Энэ мэтчилэн Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт Монголын Төрийн тэргүүний хувиар хоёр дахиа айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гурав дахиа нүүр тулах хугацаанд цаасан дээр бичигдээгүй эдийн засгийн хоригоос гарахын тулд, өрсөлдөхийн аргагүй өндөр гаалийн татвар, худалдааны нөхцөл зэргээс чөлөөлөгдөх арга замыг эрэлхийлж эхнээсээ амжилтад хүрч байна.

Владивосток энэ удаад Монголыг хэрхэн тодорхойлж Монголын Ерөнхийлөгчийг хүлээж авахаас ихээхэн зүйл шалтгаална. Тодруулбал эдийн засгийн хориг санкцуудад “дарлагдсан” Орос орон, АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн, энэ бүхнийг даван туулахад ОХУ, Монгол Улс ижил төстэй байр суурьтай, нэгдмэл санал санаачилгатай байж амаргүй нөхцөлөө ашиг, боломж болгон хувиргах цор ганц гарц бий.

“Одоо дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улс төрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна” Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг.  Түүний үг үнэн бол, “Нэг оронд ийм их баялаг заяасан нь шударга биш байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт дуу алдсан нь үнэн бол хоёр жилийн дотор хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх боломжийг одоо л нээх ёстой. “Сила Сибири” төсөл бол Монголд хамаарахгүй байх аргагүй төсөл боловч цор ганц саад нь улс төрийн шалтгаан, худалдагч, худалдан авагч нь гуравдагч этгээдээр дамжуулахыг хүсэхгүй байх явдал. Тиймээс ч Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан Л.Хангай “Монгол бол Украин биш гэдгээ л ойлгуулах хэрэгтэй. Украин бол Монголоос 15 дахин их буюу 45 сая хүн амтай. Хүнд үйлдвэр, металлургийн болон химийн үйлдвэрүүд ихээхэн хөгжсөн учраас хийн асар өндөр хэрэглээтэй. Монголд бол тийм өндөр хэрэглээ байхгүй, хамгийн дөт замаар тээвэрлэх боломжтой гэдгээ сайн ойлгуулах ёстой” гэдгийг Төрийн тэргүүнээс эхлээд албан ёсны айлчлалаар яваа элч, түшмэл бүхэнд заавал дайж хэлүүлсэн юм шүү дээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж