ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ есдүгээр сарын 6-8-нд ОХУ-ын Сахагийн «Триумф» ордонд боллоо. Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан XI удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, БНХАУ, Гүрж, Грек, Герман, Иран, Испани, Итали, Израиль, Казахстан, Колумб, Молдав, Македон, Финлянд, Турк, Румын, Унгар, Узбекистан, Украин, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон гээд Европ, Ази, Америк тивийн 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Үүнээс олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодоглосон юм. Нийт 180 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох есөн тамирчин (гавьяат тамирчин Э.Бэхбаяраас бусад нь оролцсон) хүч үзсэн. Манай эрчүүд Якутад дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ шалгаж таван мөнгө, гурван хүрэл, нийт найман медаль хүртэв. Тодруулбал, 61 кг-ын жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга 65 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга, 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Батзул, 125 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо мөнгө, 79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин МУГТ П.Өнөрбат, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох хүрэл медалийн эзэн боллоо. Якутууд нэрт дасгалжуулагчийн дурсгалд зориулсан тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд аваргыг 7000, мөнгө 5000, хүрэл 3000 “ногоон”-оор байлсан.
Зохион байгуулагч Саха болон Хойд Осет, бөхийн орон Иран, Азербайжан тус бүр хоёр, Буриад, Красноярскийн бөхчүүд нэг жинд аваргалсан. Өнөө цагийн дэлхийн шилдэг хүчтэнүүд болох “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо (Итали), олимп, дэлхийн аварга Сослан Рамонов жиндээ түрүүлж чадаагүйгээс гадна “Рио-2016” олимпийн дэд аварга Рей Хигүчи хоосон нутаг буцлаа.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
57 кг (34 бөх): 1. Арыйан Тютрин (ОХУ, Саха) 2. Парвиз Ибрагимов (Азербайжан) 3. Тамир Гармаев (ОХУ, Буриад), Димчик Ринчинов (Беларусь)
61 кг (28): 1. Ахмеднаби Гварзатилов (Азербайжан) 2. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) 3. Айсен Потапов, Ньургун Александров (хоёул ОХУ, Саха)
65 кг (29): 1. Виктор Рассадин (ОХУ, Саха) 2. Төмөр-Очирын Тулга (Монгол) 3. Даулет Ниязбеков (Казахстан), Алексей Боровицкий (ОХУ, Буриад)
70 кг (25): 1. Евгений Жербаев (ОХУ, Буриад) 2. Бат-Эрдэнийн Бямбадорж (Монгол) 3. Сослан Рамонов (ОХУ, Алания), Ихтиор Наврузов (Узбекистан)
74 кг (19): 1. Никита Сучков (ОХУ, Красноярск) 2. Франк Чамизо (Итали) 3. Исраил Касумов (ОХУ, Красноярск), Гажимурад Омаров (Азербайжан)
79 кг (10): 1. Кахабер Хубежты (ОХУ, Алания) 2. Жумбер Квелашвили (Гүрж) 3. Пүрэвжавын Өнөрбат (Монгол), Ибрагим Юсубов (Азербайжан)
86 кг (16): 1. Ахмад Базригалех (Иран) 2. Арсенали Мусалалиев (ОХУ, Дагестан) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Сослан Кцоев (ОХУ, Алания)
92 кг (8): 1. Артур Найфонов (ОХУ, Алания) 2. Анзор Уришев (ОХУ, Кабардино-Балкар) 3. Лувсандоржийн Төртогтох (Монгол), Максим Толмачев (ОХУ, Саха)
97 кг (13): 1. Нурмагомед Гажиев (Азербайжан) 2. Өлзийсайханы Батзул (Монгол) 3. Юрий Белоновский, Игорь Овсянников (хоёул ОХУ, Красноярск)
125 кг (13): 1. Комейл Гасеми (Иран) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол) 3. Ибрагим Саидов (Беларусь), Балдан Цыжипов (ОХУ, Буриад)
ЭХ СУРВАЛЖ: WRESTLING.MN