АТГ-д шалгагдаж буй дуулиант хэргүүд хаана гацав

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

АТГ-д шалгагдаж буй дуулиант хэргүүд хаана гацав

АТГ-д шалгагдаж буй дуулиант хэргүүд хаана гацав

АТГ-аас сүр дуулиантай баривчилгаа хийж албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эрхмүүдийг шалгаж эхэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан ч эдгээр эрхмүүд наадмын өмнөхөн шүүхээс хилийн хориг тавьж, батлан даалтад байгаа юм.

Саяхан АТГ-аас дээрх хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Эл  хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэргийг шалгахад хугацаа багагүй шаардана" гэх тайлбарыг өгсөн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр С.Баяр одоогоор зуслангийн байшиндаа амарч, харин Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын 21-ны өдөр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн шүүх хуралд гэрчээр оролцсон гэх мэдээлэл байгаа юм.

"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ 461-Р АНГИД ХОРИГДЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт буруутгагдсан “Жаст” группийн захирал Ш.Батхүүг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр батлан даалтад гаргаж гадуур шалгахаар болсон. Тэгвэл батлан даалтад байсан "Жаст"-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан "Ш.Батхүүг нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тархины цусан хангамж алдагдсан, бөөрний дутагдалд орж, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн тул  яаралтай III шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон. Гэтэл хууль хяналтын байгууллагаас цагдан хорьсон хэвээр байгаа”-г дурджээ. Мөн АТГ-аас "Ш.Батхүү нарт холбогдох хэргийг удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдсан " гэсэн  мэдээллийг   өгсөн.

Д.ЖИГЖИДНЯМААГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН УУ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг АТГ-аас энэ оны гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Түүнийг АТГ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагоны асуудал болон оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ асуудлаар АТГ-аас “Прокурорт хүргүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтаар яллагчаар татах хүсэлтийг хүргүүлсэн. Зарим тодорхой зүйлийг нэмж хийх шаардлагатай гэж үзэн буцаасан.Тиймээс нотлох баримтуудыг дахин шалгаж, прокурорт хянуулж байна” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж