Өвлийн олимп, хөл бөмбөгийн ДАШТ-ний хэд хэдэн тоглолтыг хүлээн авсан Сочи хотноо энэ сарын сүүлээр Формула-1 автомашины өндөр зэрэглэлийн уралдааны намрын гараа болох аж. Дэлхийн шилдэг нисгэгчдийг угтан авахдаа Сочичууд бэлтгэж буй яг энэ үед санхүүгийн салбарын хамгийн нүсэр том цугларалт гэж болох Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын чуулган (Glodal Policy Forum) Олимпийн дүүргийн Хэвлэл, мэдээллийн төвд таван өдрийн турш хуран чуулсан юм.
Хамгийн нүсэр гэж тодотгосны учир нь СХН-ийн 90 гаруй улсын 100 гаруй гишүүн байгууллагын зэрэгцээ Дэлхийн банк, Германы хамтын ажиллагааны агентлаг зэрэг олон улсын байгууллагууд Дэлхийн бодлогын чуулганд оролцлоо. Нийгэмлэг болон чуулганы 10 жилийн ой тохиосон нь энэ жилийн онцлог байсан төдийгүй оролцогчид санхүүгийн хүртээмжийн олон талт асуудлуудад ихээхэн ач холбогдол өгч, дижитал санхүү, финтекийн шийдлүүд, тэдгээрийн зохицуулалт, хяналтын технологийг эрчимтэй эрэлхийлж байгаа нь үйл ажиллагааг улам нөлөөтэй болгож байсан юм.
Монгол Улсын СЗХ 2009 онд тус нийгэмлэгт гишүүнээр элссэн бөгөөд 2016 оноос бүх зургаан ажлын хэсэгт ажиллаж байна. Өнгөрсөн жилийн чуулганаас СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь санхүүгийн хүртээмжийн асуудлаарх аливаа үйл ажиллагаанд оролцох манай улсын оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх урьдач нөхцөл болсон юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нийгэмлэгт бодлого боловсруулах, удирдах болон бусад бүх түвшинд идэвхтэй байр суурь баримталж, шаргуу ажиллах гарцаагүй шаардлагатай тулгарсан хэрэг юм.
Үндсэндээ хоёр жилийн өмнөөс эхэлсэн бэлтгэл ажил, цөөн бус удаагийн уулзалт, яриа хэлэлцээ, хэдэн арван төсөл, ноорог бичиг бужигнуулсны эцэст СХН-т Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын зөвлөл байгуулагдлаа. Захирлуудын зөвлөлд буюу бодлого боловсруулагч, удирдагч нарын түвшинд энэ санаачилгаа зүтгүүлж, хамгаалан дэмжүүлж, авч гарсан хүмүүс нь доктор С.Даваасүрэн (Монгол), Эльвира Набиулинна (ОХУ) нар. Энэ нь аливаад чамбай, тууштай хандаж, зорьсондоо хүрэхийн тулд махран зүтгэж чаддаг хөрш улсуудын санхүүгийн салбарын тэргүүлэгч хатагтай нарын гар нийлсэн хамтын ажиллагаа болсныг тэмдэглэх учиртай.
Нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын зөвлөлд Монгол, ОХУ-уудаас гадна Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагууд гишүүнчлэгдэж байна. Санаачилгын зөвлөл бүс нутгийн санхүүгийн зохицуулагчид болон зах зээлийн хөгжилд шаардлагатай бодлого, зорилгыг нэгтгэн, үйл ажиллагааг зангидаж, сорилт туршлага, санал санаачилгыг уралдуулж ажиллах юм.
10 дахь Дэлхийн бодлогын чуулганы үеэр хуралдсан Захирлуудын зөвлөлийн 13 дахь ээлжит хурлаар СХН-ийн өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагаа, зорилт, үр дүнг дүгнэж, ирэх жилийн бодлого, төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцэн баталсан. Энэ үеэр Захирлуудын зөвлөлийн дэд даргын сонгууль болсон бөгөөд СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн форумын хамтран зохион байгуулагч ОХУ-ын Төв банкыг Египетийн Төв банкны эсрэг нэр дэвшүүлсэн нь хөрш улсуудын гар нийлсэн ажиллагааг илтгэн харуулсан тактикийн ажиллагаа байлаа. Үүний дараа ОХУ-ын Төв банк нэрээ татаж авснаар Египетийн Төв банкны төлөөлөл Захирлуудын зөвлөлийн дэд даргын чиг үүргийг хэрэгжүүлэхээр болсон юм.
Сочигийн Дэлхийн бодлогын чуулганы бүхий л үйл ажиллагааны хүрээнд оролцогчид СХН дэх Монгол Улсын оролцоо, нөлөө ихээхэн нэмэгдэж, идэвхжсэнийг илэрхийлж байсан юм. Ялангуяа санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүд манай улсад харьцангуй дээгүүр, данс эзэмшилт зэрэг зарим үзүүлэлтээр хөгжилтэй орнуудын түвшинд явж буй болон жендерийн тэгш бус байдал огт байхгүй зэргийг талархан хүлээж авч байлаа. Доктор С.Даваасүрэн санхүүгийн инновацийн асуудлаар чуулганд илтгэл тавихдаа Монгол Улс дахь санхүүгийн хүртээмжийн зарим тоо баримтыг эшлэн жишээлсэн нь ихээхэн сонирхолтой баримтуудын нэг болсон юм.
Доктор С.Даваасүрэн илтгэлдээ, санхүүгийн зах зээл болон инноваци нь харилцан хамаарал бүхий хөгжлийн чухал хүчин зүйлс болохыг эш онол болон тоо баримт, судалгаанд тулгуурлан өгүүлж, үүний нэн тодорхой илрэл нь финтек юм гэдгийн онцлон тэмдэглэсэн юм. СХН-ийн гишүүн байгууллагууд хүн төрөлхтний нийт хүн амын дийлэнхийг төлөөлөн ажиллаж буйн хувьд дэвшилтэт технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж хөгжүүлэх замаар санхүүгийн хүртээмжийг тэлэх шаардлагатайг мөн тэрээр чухалчлан илтгэв.
Дэлхийн санхүүгийн бодлогын чуулган амжилттай, мөнхүү ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөв. Дараагийн чуулганыг Руанда Улсад хийхээр товлож, цан цохилоо. Мөн Захирлуудын Зөвлөлийн 14 дэх хуралдааныг энэ оны эцэст теле-хурал хэлбэрээр зохион байгуулахаар тогтов. Энэ удаагийн чуулганд оролцсон Монгол Улсын СЗХ-ны оролцоо, түүний үр дүнг дээр дурдсан томоохон үйл ажиллагааны зэрэгцээ ажлын хэсгүүдийн хуралдаанууд, төр-хувийн хэвшлийн дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт, бүсийн санаачилгын зөвлөлийн хуралдаан гэх мэт олон үйл явдал, тэдгээрийн үр дүнгээр хэмжих учиртай. Чуулганы үндсэн ажиллагаа болон салбар хуралдаанууд, хоёр талын ба олон талын уулзалтууд, энд болсон яриа хэлэлцээнүүдийн агуулгыг дүгнэвэл Сочигийн "дэвжээнд" Монгол Улс урьд өмнө огт үзүүлж байгаагүй амжилт гаргалаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь Сочигийн яриа хэлэлцээний мөрөөр хийгдэх ажлууд тун удахгүй ундарч, бодит үр дүнгүүд ар араасаа гарч эхэлнэ.
Холбоотой мэдээ