АНУ-ын Нью-Йорк хотноо мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний энэ оны сүүлийнх болох Америкийн нээлттэй (US Open) тэмцээн хоёр долоо хоногийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээд 2011, 2015 оны US Open тэмцээний аварга Сербийн Н.Жокович болон 2009 оны US Open тэмцээний аварга Аргентины Хуан Мартин дель Потро нар шалгарч үлдсэн. Хоёр теннисчин өмнө нь 18 удаа тоглоход Сербийн Н.Жокович 14 удаа өрсөлдөгчөө хожсон бол дель Потро ердөө дөрвөн удаа хожиж байсан. Хамгийн сүүлд 2016 оны Риогийн олимпийн наадмын I шатанд таарахад дель Потро ялалт авч байсан. Иймд давуу тал Серби теннисчинд байсан бөгөөд үүнийгээ ч Н.Жокович батлан харуулж гурван сетэд 6-3, 7-6, 6-3 харьцаатай хожиж Их Дуулгын 14, US Open тэмцээний 14 дэх цомоо хүртлээ.
Н.Жокович жил гарны хугацаанд тохойны бэртлийн улмаас формоо алдаад байсан. Харин энэ он гарсаар ATP Мастерс тэмцээний Цинциннатид түрүүлж, Их Дуулга тэмцээний Уимблидонд түрүүлээд байсан. Тэгвэл энэ удаа дахиад Их Дуулга тэмцээний цомыг хүртэж эргэн ирснээ зарлалаа. Түүний хүчтэй өрсөлдөгчид болох Р.Федерер яалт ч үгүй харьж байгаа, магадгүй энэ оныг өндөрлүүлээд зодог тайлахыг үгүйсгэхгүй. Мөн Э.Мюррейгийн бэртэл бүрэн илааршаагүй байгаа. Иймд Н.Жоковичийг зогсоох хүчтэй өрсөлдөгч Р.Надалаас өөр байхгүй болж байна гэсэн таамгийг талбайн теннис сонирхолгчид онцолж байна. Ямартай ч Н.Жокович энэ онд хоёр Их Дуулгад түрүүлж байгаа бөгөөд Их Дуулга тэмцээний цом хүртсэн амжилтаараа бүх цаг үеийн 3-рт АНУ-ын П.Сампарстай зэрэгцэн бичигдэх болсон.
ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭНД 10 ДЭЭШ ЦОМ ХҮРТСЭН ЭРЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТЕННИСЧИД:
- Р.Федерер 20 (Австрали 6, Франц 1, Уимблидон 8, US Open 5)
- Р.Надал 17 (Австрали 1, Франц 11, Уимблидон 2, US Open 3)
- Н.Жокович 14 (Австрали 6, Франц 1, Уимблидон 4, US Open 3)
- П.Сампарс 14 (Австрали 2, Уимблидон 7, US Open 5)
- Р.Эмерсон 12 (Австрали 6, Франц 2, Уимблидон 2, US Open 2)
- Р.Лаур 11 (Австрали 3, Франц 2, Уимблидон 4, US Open 2)
- Б.Бёрг 11 (Франц 6, Уимблидон 5)
- Б.Тилден 10 (Уимблидон 3, US Open 7)
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 20 настай Япон охин Н.Осака түрүүлж Их Дуулга тэмцээнд түрүүлсэн Ази тивийн хоёр дахь теннисчин боллоо. Тэрээр тэмцээний шигшээд алдарт теннисчин С.Уилльямстай тоглож 6-2, 6-4 харьцаатай буулгаж авсан. Япон ээж, Гайти аавтай Н.Осакагийн хувьд энэ нь тохиолдлынх байсан гэж бодохгүй байна. Тэр 2016 онд дараагийн ирээдүйтэй оны тамирчнаар нэрлэгдэж байсан бөгөөд энэ онд Индиан Уэлльст түрүүлж багагүй гэсэн шуугиан дэгдээд байсан. Америкийн нээлттэй тэмцээнд ч маш хүчтэй байсан. Түүнтэй тоглосон теннисчид Япон охинд хүчтэй эсэргүүцэл үзүүлэхүйц тоглолт үзүүлж чадаагүй ба IV шатанд таарсан Беларус теннисчин А.Сабаленка л нэг сэт авсан. Ийнхүү Наоми Осака Хятадын Ли Нагаас хойш Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн Ази тоглогч болж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ