Х.Баттулга Владивостокийн форумд хоёр дахь удаагаа оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Владивостокийн форумд хоёр дахь удаагаа оролцоно

Х.Баттулга Владивостокийн форумд хоёр дахь удаагаа оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  есдүгээр сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн IV форумд (ДЭЗФ) Монголын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зэрэгцээ Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Нак Ён нар форумын гол зочид байх юм.

Монгол улсын хувьд энэ олон улсын арга хэмжээ онцгой үр дүнтэй болно хэмээн Х.Баттулга, В.Путин нарын уулзалтаас хүлээж байна. Сибирийн төмөр замыг ашиглаж, Алс Дорнодын боомтуудаар дамжуулан Ази, Номхон далайн бүс нутгийн зах зээлд монголын ашигт малтмалыг тээвэрлэн гаргах асуудал, түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны бусад чухал асуудлыг уулзалтын үеэр хэлэлцэх юм.  Монгол улсаас энэ форумд 80 орчим албаны болон бизнесийн төлөөлөгчид оролцоно. Уулзалтад төрийн тэргүүнээс гадна Гадаад харилцааны сайд Дамдингийн Цогтбаатар, Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, ашиглалтын газрын тэргүүн Ерэн-Өлзийн Батмөнх, түүнчлэн Монголын сайн дурынхны төвүүдийн нийгэмлэгийн дарга Ундралын Гомбодорж нар оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч форумд хоёр дахь удаагаа оролцох гэж байна.  Х.Баттулга 2017 онд Владивостокт үг хэлэхдээ “Сая би “Восточный” боомттой танилцаж,  Монгол улсаас Зүүн Ази руу энэ боомтоор дамжуулан нүүрс нийлүүлэх боломж байгааг олж харлаа. Монгол улсыг бодвол илүү хол орших Хакасийн нүүрсийг 8000 гаруй километрын тэртээгээс энэ боомтод тээвэрлэн авчирч байна.  Энэ нь Монголын Тавантолгойн чанартай нүүрсийг төмөр замаар тээвэрлэн борлуулах бодит боломж байгааг бэлхнээ харуулж байна. Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн бодит үнэд дөхүүлэх боломж байгааг би тэндээс бас  олж харлаа. Ингэхийн тулд тээврийн дэд бүтэц шаардлагатай” гэсэн юм. Үүнээс гадна төрийн тэргүүн бараа эргэлтийг нэмэгдүүлж, тарифын болон тарифын бус  хязгаарлалтыг арилгах зорилгоор ЕвроАзийн эдийн засгийн холбоо болон Монгол улсын хооронд чөлөөт худалдааны тухай  хэлэлцээр байгуулахыг санал болгосон юм. Төгсгөлд нь Монгол-Орос-Хятадыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах нь бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж тэмдэглэсэн билээ.

Монгол улс  Дорнын эдийн засгийн форум зэрэг олон улсын ийм томхон арга хэмжээнд оролцож байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа “Оросын эрчим хүчний нэгдсэн систем” хувьцаат нийгэмлэг Монголын хэрэглэгчдэд зориулсан тарифыг 30 хувиар хямдруулсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  энэ оны зургадугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгад мэдээлсэн. Мөн Улаанбаатарын төмөр замаар дамжин өнгөрөх ачаа, чингэлэгт тээврийн хэмжээ 2,7 дахин нэмэгдсэн юм. Үүний сацуу, ОХУ-д суугаа  Монгол улсын Элчин сайд Б.Дэлгэрмаагийн хэлснээр 2018 оны эхний долоон сард хоёр орны хоорондын бараа эргэлт 40 хувиар өсчээ.

Анх чуулснаас хойш өнгөрсөн дөрвөн жилд ДЭЗФ тогтвортой, тууштай хөгжиж байгаагаа илтгэн харууллаа. Форумд оролцогчдын тоо, санхүү, бизнесийн гэрээ хэлцлийн тооны аль аль нь нэмэгдэж байна. Тухайлбал, хэрвээ 2015 онд ДЭЗФ-ын хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн өртөг 1,3 их наяд рубль байсан бол 2016 онд нийтдээ 1,85 их наяд рублийн өртөг бүхий  214 хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 2017 оны форум дээд амжилт тогтоосон юм. Форумын үйл ажиллагаанд  томоохон улстөрч, бизнесмен, сэтгүүлч, шинжээч, соёлын зүтгэлтэн гээд дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хүн оролцсон. 2017 оны форумаар нийтдээ 2,5 гаруй их наяд рублийн 217  хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

2018 оны ДЭЗФ-д оролцохоор 8000 гаруй хүн бүртгэгдсэнээс 7000 нь бизнесийн төлөөлөгч байна. 2018 оны форумын хөтөлбөрт санал шүүмжлэлийн чуулган, бизнесийн харилцан яриа, ажил хэргийн зоог, дугуй ширээний уулзалт зэрэг 70 орчим арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр хөрөнгө оруулалт, тээвэр, эрчим хүч, санхүүгийн институтийг хөгжүүлэх зэрэг асуудал хэлэлцэх юм.

Дэлхий нийтийн  хүчний шинэ туйл бүрэлдэн бий болж, улмаар  олон улсын харилцааны бүхий л систем өөрчлөгдөхөд гарцаагүй хүргэж байгааг Ази, Номхон далайн бүс нутаг дахь дэлхийн өнөөгийн бодлогод хийж буй дүн шинжилгээ үнэмшилтэйгээр харуулж байна. Ойрын ирээдүйд шийдвэрлэх шаардлагатай нэн чухал асуудлын нэг нь Ази, Номхон бүс нутгийн  алслагдмал байдлыг арилгаж,   АНУ болон Европын хүчний уламжлалт төвүүд хийгээд Ойрхи Дорнод, Африкийн хөгжиж буй бүс нутгуудтай улам гүнзгий интеграцчилах шаардлагад оршиж байна.

АНУ болон ЕХ-ны зүгээс хориг арга хэмжээгээр дарамт шахалт үзүүлж байгаа  өнөөгийн сорилтын үүднээс авч үзвэл Оросын газар зүйн байрлал болон Европ, ЕвроАзи болон Ойрхи Дорнод дахь улс төрийн жин нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хувьд их үнэ цэнтэй зүйл болж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн харилцааны цорын ганц оролцогч болохын хувиар Орос улс  бүс нутгийн орнууд, түүний дотор Номхон далайн сав газрын Азийн орнуудад шаардлагатай нөөцийн баялаг бааз суурь, хэрэглээний их багтаамжтай зах зээл бүхий  эдийн засгийн шууд түншийн хувиар Монгол улсын  сонирхлыг ч татаж байгаа юм. Нөгөө талаас, Орос улс өөрийнх нь талыг баримтлагчдын тоог нэмэгдүүлж, улс төр, эдийн засгийн нөлөөнийхөө орон зайг тэлэхийг бас сонирхож байгаа билээ.  Тиймээс энэхүү форумын ач холбогдол, тулгамдсан шинж чанар нь чухамхүү ДЭЗФ-д оролцогч бүх талын харилцан эрх ашигт нийцэж байна.

И.БОРХОНДОЙ
Владивосток

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж