"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдэгдэл гаргалаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдэгдэл гаргалаа

                                  МЭДЭГДЭЛ

Мэдээллийн зарим цахим хуудас, сошиал сүлжээгээр Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж, олон улсад IPO гаргах үүргийг УИХ, Засгийн Газраас даалгасан ид ажлын үед нүүрсний борлуулалттай холбоотой компанийн нэр хүндэд халдсан, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авахгүйгээр санаатайгаар гүтгэсэн мэдээлэл нийтэлсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

Компани 2018 оны хагас жилийн байдлаар 952.3 тэрбум төгрөг бүхий 6.9 сая тонн нүүрсийг борлуулж, улсын төсөвт 216.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд 2018 онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэйгээс гадна Засгийн газраас өгөгдсөн чиглэлийн дагуу олборлолтын хүчин чадлыг 13 сая тоннд хүргэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2010 оноос хойших хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулж байснаас 2018 онд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн сайн үнэ өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий  компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа ил болгосон бөгөөд гэрээний хүрээнд 4.9 сая тонн нүүрс борлуулж, 289 сая ам.долларын орлого бүрдүүлэхээр ажиллаж байна.

Нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулахдаа Монголд ажиллаж байгаа төрийн өмчит аль ч компанид хэрэглэгддэггүй нээлттэй тендерийн аргаар худалдан авагчийг шалгаруулдаг бөгөөд хэн нэг УИХ-ын гишүүн, сайд, дарга, улс төрийн намын нөлөөнд автдаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нүүрс худалдах урилга, ямар аж ахуйн нэгжтэй, ямар үнээр, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаарх мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсны цахим хуудас “erdenestt.mn”-д ил тод байршуулсан тул сонирхсон хүн бүхэн танилцах боломжтой юм.

Иймд нэр бүхий сайтууд бидний өгсөн үнэн бодит мэдээллийг авч залруулга хийхийг хүсэхийн зэрэгцээ улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр зэрэг төслүүдээ хөдөлгөх, 1072 хувьцааг амилуулж, ажлын байр олноор нэмэгдүүлэх боломж бүрдсэн төдийгүй, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа энэ үед сэтгүүлч та бүхэн дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж