Анхааруулах тэмдэгтэй Монгол

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Анхааруулах тэмдэгтэй Монгол

Анхааруулах тэмдэгтэй Монгол

Коал Монголиа ба Дисковер Монголиа. Ар араасаа угсран зохиогдсон уул уурхайн салбарын хоёр том форум Шангри-Ла зочид буудалд өнгөрсөн долоо хоногийн гурван өдөр  болов.  Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсч буй дээр зохион байгуулагчдын зүгээс  мессеж сайн өгсөн нь нөлөөлсөн үү, Улаанбаатарын түгжрэл, намрын усан бороон дунд уул уурхайн салбарын боломж, бодлогыг сонирхохоор  25 орны 600 гаруй төлөөлөгч цугларсан нь  Монголыг гэх итгэл эргэн сэргэжээ гэх бяцхан горьдлого үлдээлээ.

Долоон жилийн өмнө 4.7 тэрбум ам.долларыг “халаасалж,” эдийн засгийн 17 хувийн өсөлтөөрөө дэлхийг ангайлгаж байсан Монгол Улсын эдийн засаг хямарч, хөрөнгө оруулагчид дүрвэх болсон нь  засаглалын хямрал, тогтворгүй бодлогоос гадна иргэд, орон нутаг, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болоод ойлголтын зөрүүтэй холбоотой гэдгийг, одоо ч тэр асуудал хөрөнгө оруулагчдын айдас болсон хэвээр байгааг чуулга уулзалтын үеэр болсон хэлэлцүүлэг, илтгэлүүдээс харагдаж байв.

Байгалийн баялагтай, цөөн хүн амтай, газар зүйн хувьд  дэлхийн хамгийн том зах зээлийн хажууханд орших Монгол Улсыг сонирхох сонирхол хөрөнгө оруулагчдад байгаа хэдий ч тэдний тавьж байгаа асуулт, эргэлзээ, болгоомжлолыг нь нь ерөнхийлөн тоймловол  “Бид эрсдэлгүй үйл ажиллагаа эрхэлж чадах уу ?”. “Танай улс нинжа нараа яах вэ?” Харамсалтай нь, энэ асуултад товч, тодорхой хариултыг хэн ч өгч чадсангүй. Тэр тусмаа Засгийн газар. Хэдийгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  хууль бус ашигт малтмал олборлогчидтой, популизмтай хатуу чанга тэмцэхээ хөрөнгө оруулагчдад дуулгасан ч түүний үгэнд итгэсэн цөөн биз. Учир нь хуульгүй амьдарч, дүрэмгүй тоглодог Монголд галзуу бөгөөд  тэнэг хүн л хөрөнгө оруулах байх.

Хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээгээд Монголын асуултын тэмдэг болоод байгаа босоо хөхүүд  Төрийн ордон, Бөхийн өргөө, цэрэг цагдаад нь шургачихаар  Д.Сумъяабазар сайдын популизм ба нинжа нартай тэмцэл хийнэ гэдэг өөрөө гэнэн тэнэг зарлал шиг сонсогдох нь лав.  Тэр тусмаа УИХ, Засгийн газрынхаа шийдвэрийн өөдөөс орон нутгийнх нь удирдлагууд “салаавч” өгөөд суудаг байж лав таарахгүй байх.  Товчхондоо, Засгийн газар нь 34 хувийг эзэмшдэг хувь нийлүүлсэн компанийнхаа оффис рүү дайрч ороод хэрүүл хийдэг хэсэг бүлэг хүмүүсээ цэгцлэхгүйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлнэ, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж “гоё” мөрөөдөх бүр ч хэрэггүй юм.

Тиймээс л зовлонтой нь биш зовлонгийн шалтгаантай тэмцэхийг Далай багш сургасныг Б.Баабар иш татан жиргэсэн нь тэр.  Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид баялгийн нөөцөөс илүү оруулж буй хөрөнгө нь эрсдэлгүй эсэхийг л чухалчилдаг болсныг “Лайон менежер лимитед” компанийн  гүйцэтгэх захирал Хэдли Виддан Монголын Засгийн газрын төлөөлөгчдөд анхааруулсан юм.

Хөрөнгө оруулалт бол яг тагтаа шиг. Чулуу шидэх төдийд л үргэн нисдэг. Үүнийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хангалттай ярьдаг ч харамсалтай нь,  Босоо хөх монголчуудаас тусламж гуйдаг сумын засаг даргатай байгаа нөхцөлд Улаанбаатарт мянга чуулж, УИХ, Засгийн газар урилга заллага илгээж, хууль, дүрэм, тогтоол гаргаад ч нэмэргүй болов уу. Том, топ жип унаж, уул уурхайн компаниудаар тэнүүлчилдэг, эх орон нэрийн дор дээрэм, шантааж хийдэг эх орончдоо цэгцлээгүй, тэдэнтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн ч  гэлээ эргэлзээ, болгоомжлол тэдэнд байсаар л байна лээ.

Экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, ДНБ-ийн 22 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг дэмжиж байж л МҮЭХ-ноос тавиад байгаа багш, эмч нарын цалинг нэмэх төсөв бүрдэнэ. Түүнээс  босоо хөх монголчууд  татвар төлж, цалинг чинь тавьдаггүй юм шүү дээ.  Эцэст нь хэлэхэд “Оюутолгой зогсвол эмч, багш нар цалингаа яаж нэмүүлэх вэ” гэсэн Б.Баабарын эх оронч үгийг “эх орончдод”сануулахад илүүдэхгүй  биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж