"Миний аав Д.Нацагдоржийн төлөө бүх амьдралаа зориулсан"

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

"Миний аав Д.Нацагдоржийн төлөө бүх амьдралаа зориулсан"

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэдэг.

"Миний аав Д.Нацагдоржийн төлөө бүх амьдралаа зориулсан"

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон.


Албан бус мэдээгээр 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд 1939 оноос эхлэн 31,220 хүнийг цагаатгаад байна. Хэлмэгдлийн хар шуурганд хоёронтоо өртөж цагаатгагдсан хүний нэг нь эрдэмтэн судлаач Балдангийн Содном юм. Тэрбээр Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нартай хамтран ажиллаж мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж, нэр төрөө гадаад дотоодын эрдэмтдийн дунд хүндлүүлэн үнэлүүлж байсан эрдэмтэн, багш, зохиолч, судлаач юм. Балдангийн Содномыг тэр цагийн хүмүүс андахгүй, харин одоо түүнийг дурсамж болжээ. Б. Содном нь Шинжлэх Ухааны байгууллагад 1930 оноос хойш 49 жил уран бүтээл, эрдэм мэдлэгээ зориулж байгаад 1979 оны хоёрдугаар сарын 11-нд таалал төгссөн. Гэвч түүнийг хойч үедээ зориулсан мөнхийн уран бүтээл, судалгаа нь Монголын утга зохиол, Шинжлэх Ухааны түүхийн нэгэн тасархай хэсэг болон үлджээ.

Түүнийг үе тэнгийн найз нөхөд нь “Аугаа Содном” хэмээн нэрийдэж, Нацагдорж судлалаар нь ард түмэн андахгүй. Тэрбээр Монголын бусад сэхээтний нэгэн адидаар хэлмэгдлийн хар шуурганд өртсөн ч эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж утга зохиол, аман зохиолыг хөгжүүлэх үйлстээ уйгагүй зүтгэжээ.

Бид Б.Содном гуайн удаах хүү С.Энхбаяртай уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө 60 насыг насалж буй бөгөөд ардчилсан хувьсгалаас хойш аавынхаа бүтээл туурвилыг нэгтгэн гурван боть ном туурвижээ. Ярилцлагын эхэнд “Миний аавыг аугаа Содном гэдэг байсан юм” хэмээн хоолой зангируулан хэлэв.

-Энэ жил Б.Содном гуайн мэндэлсний 108 жилийн ой тохиож байгаа юм байна. Та бидэнд аавынхаа тухай ярьж өгөөч?

-Миний аавыг "аугаа Содном" гэдэг байсан юм. 1926 онд сургууль төгсөөд хожим нь 1934 онд Ленинградад сургууль төгссөн. Тэр үед академич Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин нартай хамт суралцаж байсан. Нацагдоржийг насаараа судалсан хүн бол миний аав юм. Сүүлд 1990 оны эхээр аавынхаа уран бүтээлийн дээжсийг эмхтгэж гурван боть ном хэвлүүлсэн. Аав маань таван хэлээр ярьдаг байсан. Тухайлбал, Орос, Герман, Санксрист гэх мэт хэлээр чөлөөтэй ярьж Монголын утга зохиолд ихийг туурвисан хүн дээ. Энэ жил аавын мэндэлсний 108 жилийн ойд зориулан ирэх сарын 5-ны өдөр бүтээл, ном зохиолоор нь Үндэсний номын санд үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байна.

-Б.Содном гуай олон удаа хэлмэгдсэн байдаг. Тэр тухай та ярьж өгөхгүй юу?

-Аавыг 1938 он, 1946 онд хэлмэгдүүлсэн. Тухайлбал, 1938 оны 11-р сарын 4-нд дотоод яамнаа баривчлагдаж /японы тагнуул/ буюу Хувьсгалын эсэргүү бүлгэмд элссэн гэсэн улс төрийн хилс хэрэг тулгаж нэг жил зургаан сар шоронд суулгасан. Дараа нь 1946 онд шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг байхад нь албан тушаалын хувьд хариуцлагагүй хандсан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэргээр баривчлагдан хоёр жил шоронд суусан юм. Миний бодлоор үндэсний үзлийнхээ улмаас шоронд хоригдсон юм билээ. Тухайн үед аав маань спиртийн заводод орчуулагчаар ажиллаж байсан. Сүүлд дээд шүүхийн тогтоол гарч 1970 оны эхээр цагаатгасан. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлал гуйлаа шүү дээ. Гэхдээ хүний гомдол амархан тайлагддаггүй юм байна.

-Тэр хэцүү амьдрал дундуур өнөөгийн нийгмийн тулгуур болсон эх хэлийг хөгжүүлсэн гавьяатай. Тэр дундаа Б.Содномыг Нацагдорж судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн хэмээн нэрийддэг. Тухайн үед Б.Содном гуайг их зохиолч Д.Нацагдоржийн сайн танил байсан гэж ярих юм билээ?

– Миний аав их зохиолч Д.Нацагдоржтой нэг нутгийн хүн. Түүгээр зогсохгүй Нацагдоржтой цуг амьдарч байсан байхгүй юу. Тэр хоёр бага залуудаа нийслэл дэх Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн байшинд хоёулханаа амьдарч байсан гэж аав надад хожим нь хуучилж байсан. Сүүлд нь Д.Нацагдоржийн гар бичмэлийг цагдаагийнхнаас авсан хүн миний аав байгаа юм. Өөрөөр хэлбэл миний аав найзынхаа төлөө амьдралаа зориулсан. Сонин байгаа биз. Нацагдоржийн охин Ананда Шири хүртэл миний аавд захидал бичсэн. Ананда Шири Монголд ирэхэд нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр бүхий эрдэмтэд уулзъя гээд гуйхад уулзуулаагүй. Нацагдоржийн охин Монголд байтугай дэлхийд үнэлэгдсэн хүн байсан шүү дээ.

-Ингэхэд таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Хэлмэгдүүлэлтийн дараах он жилүүдэд танай гэр бүлд юу тохиолдсон бэ?

– Би энэ айлын хоёр дах хүүхэд манайх эхээс есүүлээ. Аав минь улс төрийн шалтгаанаар хилс хэрэгт орсон болохоор их хэцүү. Хүн болгон эсэргүүний хүүхэд гэж адлаад надад сургуульд явах эрх байгаагүй. Миний үеийнхэн Орост сургуульд явж байхад би яваагүй. Миний ээж намайг нэг удаа зэмлэж байсан юм. “Юундаа нулимсандаа хутгалдаад байдаг юм. Чи тэнэг биш л бол аавынхаа захиасыг биелүүл” гэсэн. Хүмүүс тухайн үед аавыг минь ойлгоогүй биднийг нам засгийн өмнө муухай юм хийсэн гэж боддог байсан. Тэгээд 1962 онд аавыг цагаатгасан ч 1975 онд шийдвэр нь цаасан дээр буусан. Би багадаа ээжээрээ овоглодог байсан юм. Тухайн үед намайг гадагшаа явуулахгүй сургуульд сурах эрхийг минь хавчсан. Би сүүлд 1975 онд аавыг цагаатгасан хойно эцгээрээ овоглосон. Гэхдээ дээд сургуульд элсч чадаагүй ийм л хавчлага тухайн үед явагдаж байсан юм. Аав хэлэхдээ түүх бол түүх л байх ёстой гэдэг байж билээ.

– Аавын тань тухай үргэлжлүүлэн ярилцъя. Түүний хэл шинжлэлийн салбарт бүтээсэн бүхэн хэвлэгдэн гарч чадсан уу. Дутуу орхигдсон зүйл байгаа юу?

– Миний аав Монгол Улсад 49 жил эрдэмтнээр ажилласан. Энэ хугацаанд нэр томьёо, Нацагдорж судлал, бөө мөргөл, утга зохиол, ертөнцийн гурав гээд бүгдийг судалсан. Манайд хааяа зохиолч Д.Намдаг, Ц.Дамдинсүрэн, Бямбын Ренчин гуай ирнэ. Манайх 40 мянгатын энд 51-р байранд байсан. Тэд нууцаар уулзана шүү дээ. Хожим нь Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагад 1961 онд элсч, 1964 онд Нацагдоржийн нэрэмжит шагнал бий болсон. Тухайн үед аавд минь эрдмийн цол өгөөгүй. Угтаа бол суут зохиолч Д.Нацагдоржийг судалсан эрдэмтэн байсан шүү дээ. Тэгж бодохоор миний аавыг насаар нь хэлмэгдүүлсэн гэж би боддог юм.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж