АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн өнгөрсөн саруудад царцаж байдалтай байсан. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт дахин /2018.09.07/ БНХАУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнүүдэд 267 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар болсноо зарласан. Мөн нэмж 200 тэрбум ам.доллартай тэнцэх бараа, бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулах бодолтой байгаагаа олон нийтэд дэлгэсэн.
“Би Хятадад хатуу хандах ёстой. Энэ яригдаж буй 200 тэрбум ам.долларын татвар тун удахгүй хэрэгжиж магадгүй. Одоогийн байдлаар бүх зүйл Хятадын гаргах шийдвэрээс шалтгаална. Би үүнийг хэлэхээсээ харамсаж байна. Гэхдээ хэрэв хүсвэл нэмж 267 тэрбум ам.долларын татвар ногдуулах болно. Энэ нь бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх болно” хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд ярьжээ.
2018 оны наймдугаар сард БНХАУ болон АНУ-ууд нь бие биедээ 25 хувь буюу 50 тэрбум ам.доллартай тэнцэх татвар ногдуулсан. Үүнд ихэвчлэн аж үйлдвэрлэл болон цахилгаан хэрэгслүүд багтсан юм. Харин энэ удаагийн 200 тэрбум ам.долларын татварт хэрэглэгчид өдөр тутам өргөнөөр ашигладаг электрон хэрэгслүүд болох утас, камер, цүнх чемодан, дугуй болон тоос сорогч зэрэг бүтээгдэхүүнүүд орж байгаа ажээ.
Нийт 517 тэрбум ам.долларын татварыг БНХАУ АНУ-д төлж болзошгүй болоод байна. Одоогийн байдлаар АНУ-ын эрх баригчид БНХАУ-тай энэ талаар хэлэлцэл хийж буй.
Тэгвэл 2018 он гарснаар БНХАУ-ын экспорт саарсан тоо үзүүлэлт гараагүй харин ч нэмэгдэж байгааг эдийн засгийн судлаачид тогтоожээ. БНХАУ долдугаар сард 28 тэрбум ам.доллартай тэнцэх барааг экспортолсон бол наймдугаар сард 31 тэрбум ам.доллартай тэнцэх бүтээгдэхүүнийг АНУ-руу экспортолсон гэсэн тоон үзүүлэлт бүртгэгдсэн байна. Худалдааны дайн болж буй найман сарын туршид БНХАУ-ын экспорт 15 хувиар өссөн нь энэ аж. Мэдээж хэрэг өнгөрөгч саруудад БНХАУ-ын экспорт тодорхой хэмжээнд буурсан боловч сөрөг үр дүн гаргах хэмжээнд хүрээгүй болохыг ч эдийн засагчид тодотгожээ.
“Экспортын бараа бүтээгдэхүүнүүдийн тоо үзүүлэлт саарсан нь үнэн. Гэхдээ АНУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдэхэд хүргэж байна. Гэхдээ ирэх саруудад АНУ-ын ногдуулсан татвар БНХАУ-ын экспортыг боогдуулж магадгүй” гэж Зонгхай Шенронг Капитал менежментийн эдийн засагч Занг И ярьжээ.
Судлаачдын үзэж байгаагаар АНУ-ын татвар ногдуулах шийдвэрүүд БНХАУ-д огтхон ч нөлөөлөхгүй байгааг тодорхойлсон бөгөөд харин ч тэдний хүлээлтийг эвдэж байгаа аж. БНХАУ-ын үйлдвэрлэгч компаниуд АНУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний үйл явцыг хурдасгаж байгаа ба гагцхүү татварын хууль хэрэгжихээс өмнө яаравчилж байгааг нь экспорт нэмэгдэхэд хүргэж байгааг үгүйсгэхгүй гэж зарим судлаачид онцолжээ.
“БНХАУ-АНУ худалдааны дайны сөрөг үр дагаврууд аль хэдийн ажиглагдаж эхэлсэн. Ирээдүйд манай улсын экспортын өсөлт буурч болзошгүй” хэмээн Хятадын Харилцаа холбооны банкны мэргэжилтэн Занг И Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Apple компанийг Хятадад үйлчлэх татвараас чөлөөлөгдөхийг хүсч байвал эх орондоо үйлдвэрлэлээ явуулах талаар санал болгон жиргэсэнд хариу өгөөгүй байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ