Галзуу үнэг болон түүнтэй ноцолдсон нохойг устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Галзуу үнэг болон түүнтэй ноцолдсон нохойг устгажээ

Галзуу үнэг болон түүнтэй ноцолдсон нохойг устгажээ

Монгол Улсын 21 аймгийн 226 сум галзуу өвчний голомттой гэгддэг.  Эдгээр сумын нэг болох Хөвсгөл аймгийн Их-Уул суманд энэ он гарснаар мал, амьтны галзуу өвчин гурав дахь удаагаа бүртгэгдсэн байна. Энэ талаар тус сумын архив бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэгээс тодрууллаа. “Саяхан сумын төвд үнэг орж ирж нохойтой ноцолдож байсан. Ингээд тэр үнэгийг буудаж, дээж авч шинжлэхэд галзуу өвчин туссан үнэг болох нь тогтоогдсон. Тиймээс галзуурсан үнэг болон түүнтэй ноцолдсон нохойг устгаж ариутгал хийсэн. Мөн Их-Уул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хязгаарлалтын дэглэм өнгөрсөн долоо хоногт дууссан” гэлээ.

Сонирхуулахад, газлзуу өвчин нь хүн болон бусад бүлээн цуст амьтанд хурц хэлбэрийн тархины үрэвсэл үүсгэдэг вирусийн гаралтай өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурах, хазуулсан эсвэл уруулсан шархны орчмоор чимчигнэх зэрэг өвчний анхны шинж тэмдэг илэрдэг. Эдгээр анхны шинж тэмдгийн дараа огцом ширүүн хөдөлгөөн хийх, хянах боломжгүй хөөрөлд автах, уснаас айх, биеийн хэсгүүдээ хөдөлгөж чадахгүй болох, ухаан балартах,  ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдгүүд илэрсний дараа галзуу өвчин голдуу үхэлд хүргэдэг. Өвчний халдвар авсны дараа шинж тэмдэг илрэх хүртэлх цаг хугацаа нь ихэвчлэн нэгээс гурван сар байдаг.

Тиймээс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах хэрэгтэй. Мөн галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг таван минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаана уу. Дараа нь яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтад байх. Хэрэв хугацаа алдаж эмнэлэгт хандсан, өвчин нэгэнт халдварласан үед ямар ч эмчилгээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж