Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

“Хүн загас”

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл нууцыг нь эрэлхийлсээр байгаа хүн загас бидэнтэй зэрэгцэн амьдарч байна гэвэл та итгэх үү. Яг л үлгэр дээр гардаг лусын дагина адил үзэсгэлэнтэй, урт үстэй хэрнэ загас шиг сүүлтэй хүн загас.

Ядуу гарал угсаанаас тэрбумтан болсон Лю Шүэнь тэнгисийн буланг хуурай газар болгон тэгшлэх зөвшөөрөл авч дөнгөсөн сүйхээтэй залуу. Тэрбээр төслөө хэрэгжүүлэхээр  Руо Лань хэмээх бардам, үзэсгэлэнт тэрбумтан бүсгүйтэй хамтрахаар болжээ. Ингээд тэнгисийн булан хавийн загасыг үргээхээр хэт авиа, дохионы төхөөрөмжүүд усанд суурилуулснаар олон загас үхэж үрэгдэн, шархдаж гэмтэхэд хүрэв. Гэтэл нэгэн зүйлийн гайхамшигт, нууцлаг амьд төрөлтөн хүн загаснууд дүрвэж амжилгүй Цэнхэр булангийн усанд байх сөнөсөн хөлөг онгоцон дотор хашигдаж хоцорсныг залуу яахин мэдэх билээ.

Хүн загаснуудын ахлагч Наймаалж амь эрсэдсэн, шархадсан ах, дүү нарынхаа өсийг төсөл санаачлагч Лю Шүэниэс авахаар шийджээ. Үүний тулд сүргийн хамгийн хөөрхөн охин Шань Шанийг хүн төрөлхтөний дунд зориуд оруулан, хүний хийдэг бүхнийг сургаж, тусгайлан бэлдэв.

Угийн цайлган, зөөлөн сэтгэлтэй Шань Шань охин даалгавраа гүйцэтгэж байгаад Лю Шүэньд сэтгэлтэй болов. Тэдний дунд асар олон саад, бэрхшээл үүссэн ч тэд хамтдаа бүхнийг даван туулах болно. Улмаар тэрбумтан залуу Лю Шүэнь бизнесээ орхиж, бүхийг байгаль хамгааллын чиглэлд зориулах болов.

Энэ бол “Хүн загас” кинонд өрнөх үйл явдал. “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Хятадад борлуулалтаараа тэргүүлсэн 10 кино “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ гарсан юм.  Аргагүй л шилдэг кинонууд аж. Кино бүрийн эхлэл, өрнөл, төгсгөл бүрт үзэгчид инээж, догдолж, уйлж, алга ташиж байлаа. Энэ сарын 4-8-нд болсон соёлын өдөрт зориулсан киног “Хүн загас” киногоор төгсгөсөн нь ч учиртай биз. Дусал ус, амьсгалах агааргүй болсон цагт хичээн их мөнгө, эд хөрөнгөтэй нэгэн ч амьдарч чадахгүй. Тиймээс эх болсон байгаль дэлхий, түүний нэгэн хэсэг амьтан, ургамал бүрийг хайрлан хамгаалахын төлөө хүн төрөлхтөн бид нэгдэх цаг болсныг уг киногоор дамжуулан илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж