Улаанбаатарын замын ачаалал жил бүрийн есдүгээр сард нэмэгддэг ч энэ жил онцгой ачаалалтай байгаа. Тухайлбал, наймдугаар сард Улаанбаатар хотын нийтийн тээврийн дундаж хурд 20км/цаг байсан бол одоо зургаан км/цаг болжээ.
Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд 870 автобус үйлчилж байна. Гэсэн ч автозамын ачаалал нэмэгдэж байгаа нь авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой. Тухайлбал, авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Замын цагдаагийн уулзвар, Олимпын гудамжийг хаасан билээ. Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын автозамд өргөтгөл, шинэчлэлт хийх ажлыг энэ сараас эхлэхээр болсон. Энэ хүрээнд тус чиглэлийн замыг хэсэгчлэн хаах юм. Тиймээс замын ачаалал улам нэмэгдэнэ.
Уг асуудалтай уялдуулан Хотын даргын зүгээс Замын цагдаагийн албанд чиглэл өгчээ. Хотын даргын чиглэлд зааснаар ирэх даваа гаригаас Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болсон юм.
Холбоотой мэдээ