Дарханы "там" зам болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

Дарханы "там" зам болох уу?

Дарханы "там" зам болох уу?

Монголын чөтгөртэй зам гэж нэрлэгдээд байгаа Дарханы замыг шинэчлэхээр боллоо. Тус зам дээр олон арван осол гарч, олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирч үлдсэн.  Улаанбаатар-Дархан чиглэлийн замд өндөр ачаалалтай үед өдөрт 7000 машин, жирийн үед дунджаар 3000-4000 машин зорчдог  бөгөөд 2017 онд тус зам дээр хүнд гэмтэл авсан 34 осол гарсныг Замын цагдаагийн албанд тэмдэглэгджээ. Харин 2016 онд энэ замд 165, 2015 онд 57 осол гарч, зорчигчид хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Тиймээс  тус замыг яаралтай шинэчлэхийг иргэд шаардсаар ирсэн. Зам  биш там болсон энэ замыг  шинэчлэх шийдвэрийг Засгийн газар 2017 онд гаргасан ч ажил хэрэг болоогүй  байсан. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барих шийдвэрийг Засгийн газар  өнгөрсөн Лхагва гаригийн хуралдааны үеэр гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих-шилжүүлэх” нөхцөлөөр 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх гэнэ. Дөрөвдүгээр ангиллын хоёр эгнээтэй тус замыг   тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй  болгож шинэчлэх аж.

Барилгын ажлын улирал богино учир  204,6 км автозамын  ажлыг тав хувааж, таван компаниар хийлгүүлэх юм байна. Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар тогтов. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн хоёр эгнээтэй зам хэдий ч бусад ижил зэрэглэлийн автозамаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их ердийн үед өдөрт дунджаар 5800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол наадам, цагаан сар гэх мэт зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үед өдөрт 12300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй зам юм. Энэ нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдахад хүргэж, өндөр эрсдэлтэй болгодог байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж