7 хоногийн тойм : Ажил хаялт, чуулга уулзалт, дуулиан

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

7 хоногийн тойм : Ажил хаялт, чуулга уулзалт, дуулиан

7 хоногийн тойм : Ажил хаялт, чуулга уулзалт, дуулиан

Есдүгээр сар гарч, намар ирснээ тунхаглан зарлав.  Өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн анхаарлын төвд байсан сэдвүүдийг тоймлон хүргэе


 

АЖИЛ ХАЯЛТ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр догдлол, доголон нулимстай өнгөрөв. Засгийн газраас шийдвэрлэсэн цалингийн нэмэгдэл зарим багш нарт таалагдаагүйгээс ажилт хаялт зарлаж, БСШУСЯ-наас нийтдээ 12 сургууль ажил хаясныг зарлав.  Харин МҮЭХ-ноос ажил хаялт зарласан сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж байгааг онцлов.

Багш нарын зүгээс энэ оны төсөвт суулгасан  урамшууллын мөнгийг олгох, нөгөө талаар ирэх онд цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж буй юм. Харин  эцэг эхчүүд багш нарын ажил хаялтыг эсэргүүцэн, шүүмжилж буй юм. Удаа дараа ажил хаялт зарлаж, цалингийн нэмэгдлийг улс төр болгон хувиргаж байгаад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газрын зүгээс цалинг 50 хувиар нэмэх боломжгүй, эдийн засагт дарамт үүсгэнэ гэсэн байр суурьтай байгаа юм.

 

УУЛ УУРХАЙНХАН ЧУУЛАВ

Жил бүрийн есдүгээр сард уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулж,  Монголын Засгийн газрын бодлого чиглэл болоод хөрөнгө оруулах ямар боломж, төсөл байгааг сонирхлоо. Энэ удаагийн чуулга уулзалт урьд өмнөх жилүүдээ бодвол харьцангуй олон оролцогчтой, зохион байгуулагчдын зүгээс ч хөрөнгө оруулагчдын сонирхол татсан илтгэл хэлэлцүүлэг хийлээ.  Нийтдээ 25 орны 600 гаруй төлөөлөгч Дисковер Монголиад хүрэлцэн ирсэн бөгөөд Засгийн газрын зүгээс өгсөн шинэ мэдээлэл нь Тавантолгойн IPO-г гаргах, мөн Багануур, Шивээ-овоо, Эрдэнэтийг ч энэ жишгээр эргэлтэд оруулах тухай өгс өн мессеж.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд биечлэн оролцож, бодлогоо танилцуулсан нь хөрөнгө оруулагчдад таалагдсан. Нөгөө талаар энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн ассоциацитай хамтран оролцож, шинэ шинэ төслүүдийг танилцуулснаараа шинэлэг байлаа.  Хөрөнгө оруулагчдын зүгээс хэлж буй болгоомжлол нь уул уурхайн баялгийн нөөцөөс илүү ойлголтын зөрүү, хандлага, орон нутгийн эсэргүүцэл, шат, шатны популизм.  Тэдний болгоомжлолд өгсөн Засгийн газрын тайлбар нь хууль бус нинжа нартай хатуу тэмцэж, популизмыг дэмжихгүй гэдгээ зарласан явдал. Ямар ч байсан энэ удаагийн чуулга уулзалтаас харахад Монголыг гэх хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэсэн бололтой.

ДУУЛИАН: П.ОРХОН МЕДАЛИА ХУРААЛГАВ

Долоо хоногийн Даваа гаригаас Монголын спорт сонирхогчдын дунд дуулиан болж эхэлсэн энэхүү мэдээлэл үнэн болохыг Пүрэв гаригт  Азийн олимпийн зөвлөлөөс баталж, Монголын тамирчин П.Орхоноос сэргээш илэрсэн тул алтан медалийг нь хурааж авахаар болсныг зарласан юм.

Тус зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчин Пүрэвдоржийн Орхон 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэснийг баталсан байна.

Ингэснээр Азийн наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ийн жингийн тэмцээнээс П.Орхоны хүртсэн алтан медалийг хураахаар болжээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж