БНХАУ-ын Алибаба интернет худалдааны группийг үндэслэгч Жак Ма тэтгэвэртээ гарах бодолтой байгаагаа Нью Йорк Таймес сэтгүүлд илэрхийлжээ. Тэрбээр ирэх даваа гаригт /2018.09.10/ тэтгэвэртээ гарахаар зэхэж байгаа аж. Гэхдээ Жак ма Алибаба группийн үйл ажиллагааг удирдах зөвлөлийн гишүүнээр хянаж байх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Түүний тэтгэвэртээ гарсан хойно юу хийх талаар асуухад Жак Ма хандивын сан нээнэ хэмээн ярьжээ. Тэрбээр, “Надад Билл Гейтсээс сурах зүйл их байна. Би түүн шиг баян болж чадахгүй ч эрт тэтгэвэртээ гарах боломжтой. Алибабагын гүйцэтгэх захирал байхаас илүүтэйгээр би сайн багшилж чадна гэдэгтээ итгэж байна ” гэж ярьсан байна. Мөн хүмүүст зааж сургах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
“Та нар удахгүй мэдэх болно. Би аль арван жилийн өмнөөс Жак Ма Санг үүсгэн байгуулахаар бэлтгэж эхэлсэн” хэмээн тэрбээр ярьжээ.
Жак Ма ирэх есдүгээр сарын 10-нд 54 нас хүрэх бөгөөд түүний нийт хөрөнгө 40 тэрбум ам.доллартай тэнцдэг аж. Ма өөрийгөө санаандгүй байдлаар бизнесийн салбарт хөл тавьж Алибаба группийг үндэслэсэн хэмээн үздэг боловч тэрбээр Хятадын шинэ цаг үеийн удирдагчдын тоонд зүй ёсоор ордог нэгэн юм.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ