News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
Б.Батбаяр: П.Орхон, С.Батцэцэг хоёр цэвэр спортын өрсөлдөгчид
Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа.
-Жакартад болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медалийг атгаж чадсан ч сүүлийн үед түүнээс сэргээш илэрсэн талаарх таагүй мэдээлэл дуулдах болсон. Мэргэжлийн холбооны хувьд Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлж таныг албан ёсны мэдээлэл өгнө гэж найдаж байна. Одоогоор та бүхний гар дээр албан ёсны ямар мэдэгдэл, мэдээлэл, баталгаа ирээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай холбоонд албан ёсоор ирсэн баримт бичиг гэвэл МҮОХ-ноос ирүүлсэн Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооны мэдэгдэл байна. Тус зөвлөл, зохион байгуулах хорооноос Монголын талд МҮОХ болон Монголын допингийн эсрэг үндэсний төв гэдэг хоёр байгууллага руу, мөн Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгч , Дэлхийн бөхийн холбоо буюу /UWW/, Азийн бөхийн холбоо /AAWC/ , Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ гэсэн байгууллагуудад мэдэгдлийг нэгэн зэрэг явуулсан байдаг. Үүний дагуу МҮОХ-ноос МЧБХ-нд энэхүү мэдэгдлийг ирүүлсэн. Мэдэгдэлд саяын зохион байгуулагдсан Азийн наадамтай холбоотой, тухайн тамирчны гаргасан амжилтыг үр дүнгүйд тооцох тухай, үүний үндэслэл нь манай тамирчны өгсөн шинжилгээний “A”, “B” сорьцоос хориотой бодис илэрсэн тул зөвхөн энэ удаагийн Азийн наадамд гаргасан амжилтыг хүчингүйд тооцох тухай дурдсан ийм албан мэдэгдэл ирсэн.
-Одоо олон нийтийн дийлэнх нь “П.Орхон гавьяат маань яавал бага хохирол амсч, хөнгөн шийтгэл хүлээх бол” гэсэн хүлээлт байгаа байх гэж найдаж байна. Та бүхэнд ямар таамаглал байна?
-Одоогоор яг бодитой мэдэгдээд байгаа зүйл бол Азийн наадмын үр дүн буюу Азийн наадмаас авсан алтан медаль хүчингүйд тооцогдоно. Алтан медалийг МҮОХ-оор дамжуулан буцааж Азийн наадмыг зохион байгуулах хороонд явуулах ёстой.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг холбосноор хамтдаа ашиг тусыг нь хүртэх боломжтой”
Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рунтай Тайвань, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцлага өгч буйд талархал илэрхийлье. Юун түрүүн та өөрийгөө танилцуулна уу, Монголд ирэхээсээ өмнө ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Миний бие 2015 оны 12-р сард Монгол оронд хүрэлцэн ирж, үүрэгт албаа хашиж эхэлсэн. Монголд ирснээс хойш аль хэдийнээ 2 жил хагасын хугацаа өнгөрчээ. Ажил мэргэжил маань мэргэжлийн дипломатч хэдий ч миний хувийн туршлага бусад мэргэжил нэгтнүүдээс бага зэрэг өөр гэж хэлж болох юм. Миний бие өмнө нь Тайваний хоёр дахь томоохон хот болох Тай Жун хотын орлогч даргаар ажиллаж байсан ба хотыг хөгжүүлэхтэй холбоотой үйл хэргүүдэд гар бие оролцож байсан.
-Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн хөгжлийн тухай мэдээллийг хүргэнэ үү?
-Тайвань хамгийн анх 2002 оны 9-р сард Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа байгуулж байсан. Үүний дараахан нь Монгол Улс 2003 онд Тайпэй хотноо Төлөөлөгчийн газраа нээснээр Тайвань Монгол хоёр орон олон салбарт харилцах, хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн. Худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны хувьд Төлөөлөгчийн газар нээгдсэн тэр онд багтан Тайваний “Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” болон “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” хамтын ажиллагаа тогтоосон ба жил бүр “Тайвань Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны форум, уулзалт”-ыг Тайпэй, Улаанбаатар хотуудад ээлжлэн зохион байгуулдаг уламжлал тогтсон бөгөөд эдүгээ хэдийн 17 дахь жилийн нүүрээ үзэж байна.
Энэ оны хувьд 5-р сард Улаанбаатар хотноо “Тайвань Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны форум” зохиогдож, нийт 200 гаруй бизнес эрхлэгчид оролцсон ба нэлээд хэдэн сая ам.долларын эдийн засгийн далд нөөц боломж, бололцоо бүхий бизнес эрхлэгчид холбоо тогтоож чадсан гэж тооцоолж байна. Үүнээс гадна Тайваний аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар Түншлэл” намрын олон улсын үзэсгэлэн яармагт тогтмол оролцдог төдийгүй энэ онд ч бас Тайваний 10 гаруй бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож, Тайваний үйлдвэрлэсэн шилдэг, сайн бүтээгдэхүүнийг Монголыг хэрэглэгчдэд таниулан сурталчлахаар зорьж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“Ц.Цогзолмаа салбарынхнаасаа уучлал гуйх хэрэгтэй”
Нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа багш нарын ажил хаялтын талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяатай ярилцлаа.
-МҮЭХ-ноос багш нар есдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар ажил хаяж байгааг зарласан. Одоогоор танай уриалгад хэдэн сургууль, цэцэрлэгийн хэчнээн багш нэгдээд байна вэ?
-Нийслэлийн 100 гаруй сургууль, 80 гаруй цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр мэдүүлгээ өгсөн. Есдүгээр сарын 5, 6-наас ажил хаялтад нэгдэх мэдүүлгээ ирүүлсэн орон нутгийн 36 сургууль байна. Мөн энэ сарын 7, 8, 9-нд ажил хаялтад нэгдэх олон сургууль бий. Ажил хаялт нэг өдөр эхлэх боломжгүй. Хуулийн дагуу хуралдах, зөвшилцөх, ажил олгогчид мэдэгдэх зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай. МҮЭХ-ны хувьд УИХ, Засгийн газарт хандаж ажил хаяхад хүрсэн хөдөлмөрийн маргааныг шуурхай зөвшилцөлд хүргэх, тохиролцоонд хүргэх талаар өчигдөр /2018.09.03/ байр сууриа илэрхийлсэн. Одоогоор Засгийн газрын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Харин Засгийн газрын хийж байгаа ажил нь сургууль, цэцэрлэгийг ажил хаялтад оролцуулахгүй байх үүргийг бүх шатны Засаг дарга, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нарт өгч байгаа мэдээлэл байна. Үүгээр зогсохгүй ажил хаялтад багшаа хамруулсан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй хариуцлага тооцно гэсэн сумын Засаг дарга ч байна. Бид тодорхой зөвшилцөлд хүрэхийг хүсч байгаа. Тиймээс МҮЭХ Засгийн газрын байр суурийг хүлээж байна.
-Яг ямар зөвшилцөлд хүрсэн тохиолдолд багш нарын ажил хаялт зогсох вэ. Цалинг 50 хувь нэмсэн тохиолдолд уу?
-Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь үүссэн нөхцөл байдлыг өөрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай ярилцаад Засгийн газартай хэлэлцээнд орсон нөхцөлд цалинг 50 хүртэлх хувиар нэмүүлэх хувилбарт тохиролцоонд хүрэх талаар санал боловсруулж байгаа. Хэлэлцээгээр олон төрлийн хувилбаруудаас зөвшилцөж болно. Тиймээс МҮЭХ-ны зүгээс багшийн цалинг яг тэдэн хувь нэмбэл ажил хаялтыг зогсоох ёстой гэж хэлэх боломжгүй. Засгийн газар болон ҮЭХ хэлэлцээний ширээний ард суугаад асуудлыг шийдвэрлэх, боломжит хувилбараар шийдэлд хүрэх, зөвшилцөх боломжтой гэж үзэж байна. Ерөнхийдөө Багш нарын үйлдвэрчний эвлэлийн шаардлага тодорхой. Тэр нь багшийн цалинг 50 хүртэлх хувиар нэмэх. Багш нарт олгосон нэг удаагийн тэтгэмж нь зөвхөн тухайн оны инфляцийг нөхсөн үйлдэл болсон. Инфляцийг нөхөхөөс гадна цалинг нэмэх шийдвэр гаргаагүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Г.Наранбаатар: Гэрлэлт бол мэдрэмж биш шийдвэр
Өнөөдөр Монголын нийгэмд хэчнээн бүл салж, хэчнээн амьдрал зэрэмдэг болж байгаа бол гэж бодохоор хааяа сэтгэл эмтэрмээр. Хүн бүр энэ сэдвийг хөндөхөөс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хүн бүрийн зүрх сэтгэл шаналдаг энэ сэдвээр сэтгэлзүйч Г.Наранбаатартай ярилцлаа.
-Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. Энэ бүхнээс манай улсад гэр бүлийн салалт онцгой анхаарах шаардлагатай сэдэв болсон нь харагдана.Бид өнөөдөр гэр бүлдээ хэр их анхаарал тавьж байна вэ?
-Гэр бүл гэдэг бол асар өргөн хүрээг хамрах том сэдэв. Эхнэр, нөхөр хоёр дэр нэгтгэж гэр бүл болсон цагаасаа эхлэн нэг бие болдог. Тиймээс хэрүүл маргаанд хэн нэгэн нь ялдаггүй. Сэтгэлзүйч хүний хувьд өдөр тутам гэр бүлийн харилцааны зөрчилтэй хүмүүстэй уулздаг. Нийгэмд хамгийн их хурцаар тавигдаж байгаа асуудал бол гэр бүл салалт, түүнийг дагасан хор уршиг. Бид өглөө, орой бүр тогтмол шүдээ угаадаг. Гэтэл амны хөндийн эрүүл мэндээсээ дорд бид гэр бүлийн харилцаагаа үздэг болжээ. Сар бүр үгүй юм гэхэд улиралд нэг удаа манай гэр бүлийн харилцаа ямар байна вэ, би хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна, эхнэр, нөхөр бид хоёрын харилцаа ямар байна вэ гэж ихэнх гэр бүл анхаарал хандуулахгүй байгаагийн улмаас өнөөдөр нийгэмд гэр бүлийн салалт ихээр бий болж байна.
-Бие биедээ хэчнээн хайртай байсан ч зарим гэрлэлтүүд салалтаар дуусдаг нь харамсалтай. Салалтыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Гэр бүл салалт гэдэг нь нас биед хүрсэн эхнэр, нөхөр хоёр хүүхдийнхээ ирээдүйн бүрэн бүтэн байдал, өөрөө өөртөө итгэх итгэл, аз жаргалыг нь няц гишгээд хэн нэгэн нь хувийнхаа аз жаргалыг хөөгөөд явах гэж тодорхойлсон байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд маш их хор нөлөөг дагуулдаг. Ээж, аав нь салсны гол шалтгаан, буруутан нь хүүхэд өөрийгөө гэж буруутган хэлж байсан олон хүүхдүүдтэй би уулзаж байсан. Тэгвэл ээж, аавууд нь юу хэлдэг вэ гэхээр эхнэр бид хоёр хүүхдийнхээ дэргэд хэрэлдээд байгаа нь хүүхдэд маань буруу хүмүүжил өгч байгаа учраас бид салж байна гэж хэлэх тохиолдол ч бий. Энэ бол ердөө шалтаг төдий зүйл. Муудалцлаа гээд гэр бүл салаад байх нь утгагүй шүү дээ. Гэрлэлтийг байшин гэж зүйрлэвэл гэрлийн чийдэн нь ойр ойрхон шатлаа гэхэд та гэрлийн чийдэнгээ солих уу эсвэл байшингаа солих уу. Мэдээж та цахилгааны асуудлаа шийднэ. Үүнтэй агаар нэг эхнэр, нөхөр муудалцлаа гээд салах сонголтыг хийх нь зохисгүй. Аливаа асуудал тулгарахад эрт үе дээр нь шийдвэрлэх нь чухал юм. Хоорондоо аль болох буулт хийж сурч, аливаа зүйлсийг хамтдаа хийх нь гэр бүлийн харилцааг бат бөх болгодог. Яарч шийдвэр гаргахаасаа өмнө өөрөөс хамаарах бүх зүйлийг эхлээд хийх хэрэгтэй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.