Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Импортын эм, биобэлдмэлийн хяналт, тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг төрийн байгууллага, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллага, эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл нийт 85 хүн оролцсон.
Хэлэлцүүлгээр эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналт шалгалт, нийлэг илэрч буй зөрчил, бүртгэл, импорт, экспортын лиценз олголтын талаар мэдээлэл өгч, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний шуудан илгээмж, хувийн хэрэглээ, цахим худалдаа, зар сурталчилгааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тодорхой бус асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, гаалийн байгууллага эмийн түүхий эдээс тухай бүр нь зориулалтын бус газар, дэглэм зөрчиж дээж авч байгааг зохицуулах, хяналтын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн хяналтын байгууллагын хүчин чадлыг сайжруулан, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, хяналт тавьж буй улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад аж ахуйн нэгжүүд санаачлагатай ажиллах, эмийн мэдээллийн цахим санг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Цаашид импортлогч байгууллагууд иргэдийн эрүүл мэндийн төлөө, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, ханган нийлүүлж, нийгмийн хариуцлага нэмэгдүүлэн ховор хэрэглэгддэг эмийг улсын бүртгэлд бүртгүүлэн ханган нийлүүлэх тал дээр анхаарч, хуулийн сахин мөрдөлт, хэрэгжилтийг сайжруулан, хариуцлагатай байж, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг тухай бүр холбогдох байгууллагад мэдээлж, хамтран ажиллах талаар зөвлөмж өглөө.
Мөн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, экспортлоход тавих шаардлага, хилийн хяналт шалгалтын дараалал, хандив тусламжийн эмийг импортлоход тавигдах шаардлага, эмийн хаяг шошгонд тавигдах шаардлага, зорчигчийн хувийн хэрэглээний эмийг хилээр нэвтрүүлэх зэрэг зөвлөмжийг байгууллагуудад тарааж судлуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Эх сурвалж: МХЕГ