Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг 2010 оноос зохион байгуулж ирсэн.
Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX Форумыг Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгуулж байгаа ба УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга хатагтай Ж.Цэсэн болон 21 аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ХМА-ны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын дэд дарга Жөү Чүньже тэргүүтэй хоёр улсын нийт180 гаруй төлөөлөгч оролцож байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар: Нутаг орноо хөгжүүлэхэд төр, хэвлэл мэдээллийн байгууллагууд бид нягт уялдаа холбоотой байж төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг иргэд олон нийтэд сурталчлах чиглэлээр төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ Альшаа, Баяннуур аймгуудын хэвлэл мэдээллийн салбарынхантай орон нутгийн телевиз, сонин сайтууд хамтран ажиллаж ирлээ. Төрөөс орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэн орон сууцны дэмжлэгт хамруулах, сэтгүүлчээр суралцаж буй оюутныг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж нийт сэтгүүлчдээ сурч хөгжих, туршлага судлах сургалт, уулзалт арга хэмжээнд оролцуулан санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж ирснийг онцолсон юм.
Уулзалтын үеэр хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцан туршлага судалж хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Эх сурвалж: ӨМНӨГОВЬ АЙМАГ
Холбоотой мэдээ