Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар өнөөдөр /2018.09.07/ Мэдээлэл технологийн үндэсний паркт сургалт зохион байгууллаа. Төрийн албан байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү сургалтад "Facebook" компанийн Азийн бүсийн гадаад харилцааны менежер Рой Тан хүрэлцэн ирж туршлага, мэдээлэл солилцсон юм.
Фэйсбүүкийн сүлжээг дэлхийн хэмжээнд сард 2.2 тэрбум хүн хэрэглэдэг болохыг тэрбээр дурдаад үүнээс нэг тэрбум хүн идэвхтэй хэрэглэдгийг онцолсон юм. Мөн "Facebook" компанийн бусад сошиал үйлчилгээнүүд болох whatsapp, instagram болон messenger-ийг хэдий хэмжээний хүмүүс хэрэглэдэг болохыг сонирхуулав. Харин Монгол Улсад фэйсбүүкийг сар тутам хоёр сая хүн идэвхтэй ашигладаг байна. Үүнээс 1.9 сая хүн ухаалаг утаснаас нэвтэрдэг болохыг танилцууллаа.
Сургалтад Монгол Улсын төрийн албан хаагчдад фэйсбүүк хуудас хэрхэн хөтлөх талаар оновчтой зааварчилгаа болон зөвлөгөө өгсөн. Дэлхийн олон улс орны төрийн байгууллагууд фэйсбүүк хуудсаар дамжуулан ард иргэддээ хэрхэн хүрдэг болохыг толилуулсан юм. Мөн хэрхэн хэрэглэгчдийн анхаарлыг татаж, мэдээ мэдээллийг өргөн цар хүрээнд сонирхолтой байдлаар хүргэх талаар зааварчилж зөвлөсөн. Сургалтад фэйсбүүк хуудас идэвхжүүлэлтэд “үнэн бодит” контент үндэс болдгийг зөвлөсөн юм.
“Фэйсбүүк харилцаа холбоог чухалчилдаг” хэмээн Рой Тан болж өнгөрсөн сургалтад онцолсон.
Хүмүүсийн сонирхол болон техник технологи хурдацтай хөгжиж байгаа одоо цагт сошиал сүлжээгээр дамжуулж хүмүүс хэрэгтэй мэдээ мэдээллээ олж авдаг. Гэвч сошиал сүлжээнээс үүдэлтэй гэмт хэрэг Монгол улсад өнгөрсөн он жилүүдэд гаарах болсон. Рой Танаас сошиал гэмт хэргээс хэрхэн сэргийлэх тухай асуухад тэрбээр хэрэглэгч өөрсдийн хувийн мэдээлэлдээ хянуур хандаж байхыг зөвлөсөн. Мөн түүнээс худал хуурмаг мэдээ болон гэмт хэргийн шинжтэй нийтлэлээс хэрэглэгч өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах талаар лавлахад мэдэгдэх буюу report функцийг идэвхтэй хэрэглэж байхыг уриалсан юм.
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ