Жимс, ногооны шим тэжээлийг алдагдуулахгүй байх 3 арга!

Хуучирсан мэдээ: 2014.12.31-нд нийтлэгдсэн

Жимс, ногооны шим тэжээлийг алдагдуулахгүй байх 3 арга!

Жимс, ногоог сонгох, хадгалах, бэлтгэх арга зам зөв бол тэдгээрийн шим тэжээл нь удаан хадгалагдаж, хэрэглэхэд тустай байдаг. Энэ долоо хоногт би жимс, ногооны шимийг хэрхэн хадгалах тухай мэдээлэл өгөхийг зорилоо.

Жимс, ногооны шим тэжээлийг хадгалахын тулд эхлээд тэдгээрийг шим нь хэрхэн алдагддаг тухай  ойлголттой байх нь зүйтэй. Жимс, ногоог зөв хадгалаагүйн улмаас шим тэжээл нь алдагддаг.

Жишээлбэл, агаар, гэрэл, ус чийгтэй нөхцөлд байлгасан жимс, ногооны зарим шим тэжээл алдагддаг байхад дунд зэргийн гал дээр богино хугацаанд болгоход шим тэжээл нь хадгалагддаг ажээ. Зарим тохиолдолд таны хоол хүнсээ бэлтгэх арга барилаас хамаарч шим тэжээл нь биед тань илүү ашигтай болдог.

Дэлгүүрээс жимс, ногоо худалдаж авахдаа шим тэжээлийг нь хэрхэн хадгалах вэ?

Дэлгүүрээс жимс, ногоо сонгохдоо хамгийн шинэхэнийг нь авбал шим тэжээлийг удаан хадгалах эхний алхам болно. Шинэхэн жимс, ногоог таних хялбархан – хар толбо, зөөлөрч бяцарсан зүйлгүй, хатуу, өнгөө алдаагүй тод хурц өнгөтэй байдаг.  Мөн шинэхэн жимс, ногоог шим тэжээлийг нь алдагдуулахаар нар, гэрэл, ус чийгтэй нөхцөлд удаан байлгаж амжаагүй байдаг.

Жимс, ногоог тухайн боловсрох улиралд нь худалдаж авбал хамгийн сайн. Улирал нь нэгэнт өнгөрсөн хойно жимс, ногоог худалдаж авах бол тэдгээр нь тариан талбайгаас таны тавган дээр иртэлээ урт зам туулсан болохыг санаарай. Энэ хугацаанд үнэт шим тэжээл нь алдагдсан байж болно. Таны байдаг газрын ойр тариаланчдын зах байдаг бол энэ давуу талыг ашиглах хэрэгтэй. Ихэнхи тохиолдолд тэр зах дээр байгаа жимс ногоо нь шинэхэн бөгөөд орон нутагт ургуулсан байдаг тул шим тэжээл нь алдагдсан байх магадлал бага байхыг санаарай.

Шинэхэн жимс, ногоо байхгүй бол хөлдөөсөн жимс, ногоо нь шим тэжээлээ нилээн сайн хадгалж байдгийг анхаарах нь зүйтэй бөгөөд зарим тохиолдолд хөлдөөсөн жимс ногоо нь шинээсээ ч илүү шим тэжээлээ хадгалж чадсан байдаг. Хөлдөөсөн жимс, ногоог ид боловсорч байх үед нь буюу хамгийн шим тэжээлтэй байх үед нь хурааж авсан байдаг ажээ. Тэрчлэн тэдгээрийг хурааж авсаны дараа маш хурдан боловсруулж, хөлдөөдөг тул шим тэжээлээ хадгалсан байдаг.

Жимс, ногоог болгохдоо шим тэжээлийг нь хэрхэн хадгалах вэ?

Хоол бэлтгэх үедээ жимс, ногоогоо зөөлөн угаах ба усанд сойж болохгүй. Та хамгийн түрүүнд жимс ногоо хальслах хутгаа шүүрч авдаг жаахан азнаарай. Жимс, ногооны хальс нь витамин, эрдэс, эслэгийг хамгийн ихээр агуулдаг. Алим, төмс, лууван, өргөст хэмх, тэр ч байтугай хаш, киви зэргийг хальслах шаардлагагүй. Цитрусын төрлийн жимсний гадна хальсыг бага зэрэг үрж, үрсэн хальсыг салат, болгосон ногоонд хольж хийвэл антиоксидант болдог тул ашигтай. Жимсний зөөлөн эдийн гадуурх цагаан хальсыг хуулах хэрэггүй энэ хэсэг нь усанд уусдаг эслэгээр баялаг байдаг.

Жимс, ногооны ямар хэсгийг хэрчиж хаяж байгаагаа анхаарах хэрэгтэй. Бороколи ногооны цэцэгт толгойноос илүү ишинд нь C витамин болон кальци их агуулагддаг, хэрээн нүдний иш нь илүү тэжээллэг байдаг, ханборгоцой жимсний доторхи хатуу цөм нь бромелайн хэмээх хоол боловсруулахад оролцдог байгалийн энзем ихээр агуулдаг ажээ.

Хоол хүнсийг хөнгөн чанаж болгож хэрэглэсэн тохиолдолд зарим тэжээл, тухайлбал каротенойд хэмээх бүлэг антиоксидантуудыг илүү ихээр авч чаддаг ажээ.

Каротенойд лицопен хэмээх бодис нь улаан лоолийг улаан өнгөтэй болгоход оролцдог бөгөөд лоолийг түүхийгээр нь хэрэглэснээс илүү чанаж хэрэглэх үед үүнийг илүү ихээр биедээ шингээж авч чаддаг ажээ. Яншуйг бүтнээр хэрэглэснээс илүү хэрчиж хоолонд хийвэл түүнд агуулагдах лютейн (яншуй, киви зэрэг жимсийг шар-ногоон өнгөтэй болгодог каратенойд) хэмээх бодисыг илүү ихээр авч чаддаг аж.

Бага зэрэг өөх тос нь каротенойдыг шимэгдүүлэхэд тустай байдаг тул яншуйн салатандаа авокадо жимсний тосноос хэдэн дуслыг, лоолийн соусандаа хэдэн дусал оливын тос нэмбэл шим тэжээл нь илүү  байх юм.

Жимс, ногоог болгож хэрэглэхдээ шим тэжээлийг нь хэрхэн хадгалах вэ?

Жимс, ногоог болгохдоо аль болох бага хэмжээний ус хэрэглэх нь тэдгээрт агуулагдах шим тэжээлийг хадгалах нэг арга юм. Жигнэх нь хамгийн сайн арга. Хоол хүнсийг жигнэж хэрэглэвэл усанд уусдаг В витамин болон С витаминыг хадгалахад тустай.

Богино долгионы зуух усыг маш бага хэрэглэдэг. Олон нийтийн дунд богино долгионы зуух нь хүнсний шим тэжээлийг устгадаг гэсэн буруу ойлголт байдаг бөгөөд энэ нь үндэслэлгүй юм. Ямар ч үед аль болох бага ус ашиглах нь зүйтэй. Энэ аргын өөр нэг давуу тал нь хүнсийг түргэн болгосноор түүнд агуулагдах шим тэжээлийг хадгалахад тустай байдаг. Энэ шалтгааны улмаас хүнсний ногоог тосонд хөнгөн шарах нь шим тэжээлийг нь хадгалах нэг арга болдог.

Амтлагчуудаа ногоотойгоо хослуулах нь шим тэжээлийг нэмэгдүүлэх нэг арга мөн. Ургамалд агуулагдах мянга мянган өөр төрлийн антиоксидантууд хоорондоо хоршиж таны эрүүл мэндийг хамгаалдаг. Тэгэхээр броколид сармис нэмж, ногоон вандуйндаа лемоны халь, луувандаа яншуй нэмээрэй. Ингэснээр амт нь сайжрахаас гадна та биедээ хэрэгтэй шим тэжээлийг илүү ихээр авч чадна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж