“Барилгын салбарт хамтын ажиллагаа дутагддаг”

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

“Барилгын салбарт хамтын ажиллагаа дутагддаг”

“Барилгын салбарт хамтын ажиллагаа дутагддаг”

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан “Барилгачдын өдөр 2018” өдөрлөг Барилгачдын талбайд болж байна. Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаяраас салбарын дэвшил болон дутагдаж байгаа зүйлийг тодрууллаа.

-Барилгын салбарт гарсан энэ жилийн амжилт юу вэ?

-Монголын барилгачид 92 дахь жилдээ үйл ажиллагаагаа онцлог болж байна. Тухайлбал, төрийн үйл ажиллагаа тогтворжиж, төрийн болон хувийн барилгын салбарын үйл ажиллагаа хэлбэрээ олж нэлээд олон зорилт тавин ажиллаж байна.

-Энэ жил хэрэгжүүлэх зорилгоос дурдахгүй юу?

-Монголын барилгын салбарынхан үеийн үед хэрэгжүүлж байсан орон сууцны хөтөлбөр, төслүүдэд үнэлгээ өгч, ард түмний аль хэсэгт зориулсан орон сууц барих, төлбөрийн чадварт  тохирсон орон сууц барихад ямар бодлого хэрэгжүүлбэл зохимжтой талаар төрөөс баримт бичгийг боловсруулж байна. Хоёрт, төрийн бус байгууллагууд яамны нэлээд үүргийг гүйцэтгэнэ. Тухайлбал, Монголын барилгачдын нэгдсэн холбоо түншлэгч найман холбоодтой хамтран бүх шатанд сургалт зохион байгуулж байна. Цаашид энэ үйл ажиллагаа улам өргөжвөл барилгын салбарт төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа урагшлахад томоохон алхам болно гэж бодож байна.

-Барилгын салбарт боловсон хүчин хангалттай байж чадаж байна уу?

– Монголын барилгачдын нэгдсэн холбооны хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь салбарын ажилчдын мэдээллийн сан бүрдүүлэх. Ингэснээр хэчнээн мянган хүн ажиллаж байгаа, аль мэргэжлийн хүмүүс байгаа, тэдний нас хүйсийн байдал, шинэ боловсон хүчнийг хэрхэн бэлдэг вэ зэрэг асуудлаар судалгаа боловсруулж байна. Удахгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамтай хамтран өргөн хүрээнд шийдвэрлэнэ.

-Түрээсийн орон сууц нийгэмд өгөөжөө өгсөн. Дахин ийм төсөл хэрэгжүүлэх үү?

-Түрээсийн орон сууц, төлбөрийн чадварт нь уялдсан орон сууц зэрэг олон орон сууцанд судалгаа явуулж байгаа. Судалгааг нэгтгэн “Орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ төлбөрийн чадварт уялдуулан хэдийд төлбөр авдаг байх зэргийг дүгнэсэн баримт бичиг бий болох юм.

-Барилгын салбарын хөгжилд юу дутагдаж байна вэ?

-Төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дутагддаг. Мөн яамд хоорондын хамтын ажиллагаа болон нэгдсэн баримт бичиг боловсруулах ажилд анхаарах шаардлагатай байна.

-Борлогдохгүй байгаа хэчнээн хэмжээний барилга байна вэ?

-Үнийн дүнгээс хамаараад борлогдохгүй байгаа 5000 орчим орон сууц байгаа.

БАЙШИНГИЙН НЭГ АМ.МЕТР НЬ 1.2 САЯ ТӨГРӨГ

Барилгачдын талбайг тойруулан барилгын салбарын компаниуд асар босгосон байв. Ихэвчлэн орон сууцны компаниуд байсан бол нэг байшин үйлдвэрийн комбинат байсан нь содон харагдлаа. “Эрэл” группийн Байшин үйлдвэрлэх комбинатын гүйцэтгэх захирал  С.Батболдоос бусад байшингаас ялгарах талыг нь тодруулахад “Байшинг тухайн газарт шууд угсрах тул технологийн давуу талтай. Өөрөөр хэлбэл, гадна ханыг дулаалгатай нь угсрах юм. Манай байшин Германы тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэгдсэн байгаа. Жилд 151 ам.метр байшин барих хүчин чадалтай. Бүх түүхий эдээ дотоодоос хангаж, чанарт хяналт тавьж байгаа тул үнийн хувьд хямд тусч байгаа. Байшингийн ам.метрийг 1.2 саяар төгрөг. Их хэмжээгээр захиалсан тохиолдолд өртөг нь буурах боломжтой” гэлээ.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ АМ.МЕТР НЬ 1.2-3.8 САЯГ ТӨГРӨГ

Харин орон сууцны үнэ нэг ам.метр нь 1.2-3.8 сая төгрөгийн хооронд байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт орон сууцны нэг ам.метрийн үнэ байршлаасаа шалтгаалаад 1.6-3.8 сая төгрөг байна. Харин Баянзүрх дүүрэгт 1.2-2.9 саяг төгрөгийн үнэтэй байна.

БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Ингээд барилгын салбарын 92 жилийн ойн салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Шилдэг аж ахуйн нэгжээр “Дабль пирамид констракшн”, “Эрин интернэшнл”, “Химон констракшн”, “Санжат”, “Зууннайм”, “Арбал Алтай”, “М-си-эс проперти” хариуцлагатай хувьцаат компани шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж