АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг нэр төрөө сэргээлгэхээр Авлигатай тэмцэх газарт /2018.09.07/ хандлаа.
Тэрбээр “БСШУС-ын сайдын тушаалаар Ж.Цолмон гэх түр орлон гүйцэтгэгч томилогдсон. Томилогдсоны дараа намайг болон Г.Батбаатар захирлыг 385 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, тендерт өрсөлдсөн компанитай үгсэн хуйвалдаж давуу байдалд үүсгэсэн гэх зэрэг мэдээллийг олон нийтэд цацсан. Гэтэл тийм зүйл байхгүй. Энэ их гүтгэлгийг шалгаж өгнө үү хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Авлигатай тэмцэх газарт хандаж байна. Өнөөдрийн байдлаар 15 хүн ажлаасаа халагдсан. Халагдсан шалтгааныг Ж.Цолмон захирал өөрийн багаа бүрдүүлнэ хэмээн тайлбарлаж байгаа. Өчигдөр гэхэд манай сургуулийн хоёр багшийг өрөөндөө дуудаад ажлаас чөлөөлнө гэж хэлсэн " гэв.
Дашрамд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд АШУҮИС-ийн томилгоог есдүгээр сар багтаан хуулийн дагуу явуулах мэдэгдлийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн. Тиймээс энэ сард АШУҮИС-ийн захирлын томилгоо дахин явагдах юм.