Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож, нээлтийн үеэр үг хэлэв.
“Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо”-ноос зохион байгуулж буй уг чуулга уулзалтад холбооны гишүүн 13 улсын төлөөлөгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь 2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Каула Лумпур зэрэг хотуудад болж байсан бөгөөд энэ удаагийн уулзалт нь “Глобал инноваци ба харилцаа холбоо” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо”-ны салбар байгууллагыг Монгол Улсдаа байгуулж, “Монгол бизнес түншлэл” хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлснээс гадна энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголдоо зохион байгуулахад хүчин чармайлт гарган ажилласан баг хамт олонд баяр хүргэв. Түүнчлэн энэхүү уулзалтын үр дүнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бусадтай үр дүнтэй мэдээлэл, туршлага солилцох, бизнесээ хөгжүүлж өсгөхөд хэрэгтэй техникийн мэдээлэл олж авах, аж ахуй эрхэлж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх гарцыг хайж олох, олон улсад харилцаа холбоо тогтоох боломжтой болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ