Джамал Инайшвили: Монголд хөрөнгө оруулах таатай нөхцөл үүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Джамал Инайшвили: Монголд хөрөнгө оруулах таатай нөхцөл үүсч байна

Джамал Инайшвили: Монголд хөрөнгө оруулах таатай нөхцөл үүсч байна
hudaldaa aj uildver

“Ази номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь” чуулган уулзалт Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа үргэлжилж байна. Тус холбоо нь эгнээндээ 27 гишүүн оронтой бөгөөд хөрөнгө оруулалт, бизнесийн байгууллагуудын зуучлал, хамтран ажиллах чиглэлээр ажилладаг юм байна.

Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм байна. Чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч ноён Жемал Инайшвилли зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтын хүрээнд “Монголын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал”, “Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин”, “Монгол Улс дахь аялал жуулчлалын салбарын танилцуулга”, “Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого болон Ази, Номхон далайн орнуудтай хамтран ажиллах боломжууд” сэдэвт илтгэлүүд тавигдаж, хөрөнгө оруулагчдад ямар боломж, гарц байгаа талаар санал солилцлоо.

Энэ үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч ноён Жемал Инайшвиллитай цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог юу байна вэ. Ялангуяа Монголд хөрөнгө оруулах боломжуудыг та юу гэж харж байна вэ?

-Энэ удаагийн уулзалтаас бид маш их зүйл хүлээж байгаа. Ялангуяа өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны  сайд нар хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын дараа  бид бусад орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, ярилцана. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа гадны төлөөлөгчид Монголд хөрөнгө оруулах ямар боломж байна вэ гэдгийг маш их сонирхож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголд ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломжуудыг танилцуулах, мэдээллийг хүргэж байгаа нь хөрөнгө оруулалт татах боломжийг илүү өргөн болгож байна. Монголд хөрөнгө оруулалт татах маш өргөн боломж байгаа.

-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоонд нэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын зүгээс ямар салбарыг илүү сонирхож, хамтарч ажиллаж байсан бэ?

-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай маш олон жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа. Одоогоор ийм төсөлд, ингэж хөрөнгө оруулсан гэсэн статистик бэлэн байхгүй байна. Гэхдээ Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим манай хамгийн идэвхтэй танхимын нэг. Монголд маш олон барилга, байгууламж баригдаж, хөгжиж байгаа нь эдийн засаг сэргэж, нааштай байгаагийн  илрэл юм. Энэ удаагийн чуулга уулзалт бол хамтын ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ямар салбарт хөрөнгө оруулах сонирхол байна вэ. Монголчуудад ямар салбаруудаа илүү их хөгжүүлэх гарц харагдаж байна вэ?

-Юуны түрүүнд тээвэр зуучлалын салбаруудаа хөгжүүлэх, энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт татах боломж байна. ОХУ, Хятад гэсэн хоёр том хөршөөр дамжуулан хамгийн хурдан, хямд үнээр богино хугацаанд тээвэр зуучлалын салбарыг  хөгжүүлэх нь том шийдэл болно. Мөн аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд гурав, дөрвөн одтой зочид буудлуудыг олноор барих нь жуулчлалыг татах нэг боломж. Түүнээс гадна олон улсын нислэгүүд Монголд ирэхэд маш хүндрэлтэй  байдаг. Тиймээс төв зангилаа болсон нислэг үйлдэл нь бас нэг шийдэл болж, хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засаг хөгжих байгаа юм. Дараагийн удаа би бизнесийн багаа авчирна. Ирсэн төлөөлөгчид өөрсдийн улсын хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгөх, Монголд хөрөнгө оруулах ямар боломж байгаа талаар мэдээлэл тараах, боломжуудын талаар маш сайн мэдээлэлтэй болоод буцаж байна. Хөрөнгө оруулагчид Монголд хүрэлцэж ирээд, өөрийн биеэр мэдээлэл авах нь илүү бодитой болно.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж