“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт Олон Улсын чуулган Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжлэн өнөөдөр/2018.09.06/ өндөрлөж байна. Чуулганд оролцсон Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагад нэгдэн орсон 11 орны 22 байгууллагын гишүүд өнөөдөр Нийслэлийн Дүнжингарав төв, Төв аймгийн Зуунмод хот дахь “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, Төв аймагт бэсрэг наадам үзэв. Танилцуулгад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Төв аймгийн Засаг дарга түүний орлогч болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Төрийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага 400-аад төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, өөрийн оронд засаглалыг бэхжүүлж буйн нэг сайн жишээ нь манай орны хувьд Нэг цэгийн үйлчилгээ буюу ЗГХЭГ, НЗДТГ-аас хамтран орон даяар хэрэгжүүлж буй “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаа юм. Аймаг бүрт нэг, Нийслэлд дөрвөн цэгт байгуулаад буй “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны бэлтгэлийг 2010 оноос үе үеийн Засгийн газар, НЗДТГ хамтран зохион байгуулж ажилласаар өдгөө байнгын идэвхтэй үйл ажиллагаатай, иргэдийн сэтгэл ханамжид хэдийн нийцсэн төрийн үйлчилгээ болоод байна.
Үйл ажиллагааны тайлангаас үзвэл хөдөлмөр халамж, нийгмийн даатгалын сан, татварын байгууллага, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, үүрэн телефоны компаниуд, банк, банк бус санхүүгийн байгууллагаар иргэд хамгийн олноор үйлчлүүлсэн байдаг байна. Эдгээр байгууллагууд тус бүр 8-22 хүртэлх төрлийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр нэг дор үзүүлдэг нь иргэдийн талархлыг хүлээдэг төдийгүй энэ нь Монгол Улс Азийн улс орнуудад “сайн засаглал”-ыг бэхжүүлэхэд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэгэн жишээ болох шалтгаан болж байна. Хүн амын тоо, газар орны байршил, улстөрийн үзэл баримтлал зэрэг олон шалтгааны улмаас Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН)-ний гишүүн ч зарим улс орнуудад төрийн үйлчилгээг иргэддээ ийнхүү нэг дор үзүүлэх боломж хомс байдаг тухай энэ үеэр Азийн орны төлөөлөгчид онцолж байлаа. Монгол Улсын хувьд төрийн үйлчилгээг нийслэл төдийгүй аймаг орон нутагт иргэддээ шуурхай хүргэж байгаа нь зайлшгүй сайн туршлага байна гэв.
Монгол Улсын ЗГХЭГ, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан “Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган ач холбогдолтой, үр дүнгээ харуулсан, тавьсан зорилгоо биелүүлсэн чуулган боллоо хэмээн оролцогчид дүгнэж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ