Аваргуудын тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Аваргуудын тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө

Аваргуудын тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө

Энэ жилээс эхлэн Европын хөлбөмбөгийн холбоо Үндэстнүүдийн лигийг анх удаагаа зохион байгуулж байна. Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 55 улсын шигшээ баг чансаагаар 4 хэсэг буюу лигт хуваагдаж хэсэг тус бүр дотроо лигийн системээр тоглоно. Шигшээ багууд чансаагаараа лигт хуваагдана.

  • A лиг: Франц, Герман, Нидерланд (1-р хэсэг), Бельги, Исланд, Швейцар (2-р хэсэг), Итали, Польш, Португал (3-р хэсэг), Англи, Испани, Хорват (4-р хэсэг)
  • B лиг: Чех, Швед, Австри, Дани, Орос, Словак, Турк, Украйн, Босни-Герцеговина, Уэльс, Умард Ирланд, Ирланд
  • C лиг: Албани, Шотланд, Серби, Словени, Болгар, Кипр, Финланд, Грек, Унгар, Норвеги, Румын, Монтенегро, Литва, Израиль, Эстони
  • D Македон, Лихтенштейн, Люксембург, Армени, Азербайжан, Гүрж, Фарерын арлууд, Гибралтар, Казахстан, Косово, Латви, Мальта, Молдав, Сан-Марино зэрэг улсууд багтсан.

Тэмцээн 9 сарын 6-нд эхлээд 11 сарын сүүлээр өндөрнө. А лигийн хэсэг тэргүүлсэн багууд ирэх 6 сард шувтрагын шатанд өрсөлдөх бол бусад B, C, D лигт хэсэг тэргүүлсэн багууд дээд лигтээ дэвших бол лигийн хэсэгтээ сүүл мушгисан баг доод лигт унана. Лигт багтсан багууд зөвхөн хэсгийн багуудтай тоглоно.

Өнгөрсөн шөнө тэмцээний эхний хэд хэдэн тоглолт явагдлаа. Тухайлбал, А лигт сүүлийн хоёр дэлхийн аваргууд болох Герман-Францын шигшээ багуудын тоглолт болсон бол B, C лигүүдэд 2, D лигт 4 тоглолт болсон байна.

А лигийн 1-р хэсэг

  • Герман 0-0 Франц

Герман: М.Нойер, А.Рюдигер, Ж.Боатенг, М.Хуммельс, М.Гинтер, Т.Кроос, Ж.Киммих, Т.Вернер, Л.Горецка (И.Гюндоган 66’), Т.Мюллер, М.Ройс (Л.Сане 83’)

Франц: А.Ареола, Л.Эрнандес, С.Умтити, Р.Варане, Б.Павар, Н.Канте, П.Погба, Б.Матюиди (К.Толиссо 86’), А.Гризманн (И.Фекир 80’), К.Мбапе, О.Жиру (У.Дембеле 66’)

Германы Мюнхен хотын “Алианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд хоёр баг хуурай тэнцээгээр өндөрлөлөө. Германы шигшээ баг Т.Вернер болон Л.Горецка нарыг үндсэн бүрэлдэхүүнд гаргасан бол Францын шигшээ багийн ахлагч У.Льорис энэ удаагийн тоглолтонд оролцсонгүй. Хоёр баг гоолгүй тэнцснээр хэсэгтээ 1 оноо аваад байна. А лигийн 1-р хэсгийн дараагийн тоглолт Франц Нидерландын шигшээ багуудын дунд 3 хоногийн дараа явагдана. Хэсгийн багууд хоорондоо хоёр тоглох ба хэсгээ тэргүүлсэн нь хагас шигшээд шалгарах бол хэсгийн сүүлд орсон баг чансаа бууж доод лиг руу унана.

Уэльс болон Украйны шигшээ багууд эхний ялалтаа авлаа

В лигт хоёр тоглолт явагдсан байна. В лигийн 1-р хэсэгт багтсан Украйны шигшээ баг Чехийн шигшээ багтай талбай дээр нь тоглож 2-1 харьцаатай хожил авсан бол Уэльс талбайдаа Умард Ирландын шигшээ багийг хүлээн авч 4-1 харьцаатай хожиж хэсгээ тэргүүлцгээж байна.

  • Чех 1-2 Украйн (гоол: П.Шик 4’, Я.Коноплянка 45’, О.Зинченко 30’)

Чех: Т.Вацлик, Я.Боржил, Я.Брабец, Т.Калас, Т.Гебре Селассие, П.Кадержабек, Я.Сикора (Т.Горжава 90+2’), Т.Соучек, Й.Гушбауер, М.Крменчик (Я.Змргал 46’), П.Шик (С.Тецл 83’)

Украйн: А.Пятов, О.Караваев, С.Кривцов, Я.Ракицкий, М.Матвиенко, А.Ярмоленко (О.Зинченко 66’), Р.Малиновский, Т.Степаненко, Я.Коноплянка (В.Цыганков 66’), Марлос, Р.Яремчук (Е.Селезнёв 85’)

  • Уэльс 4-1 Ирланд (гоол: Т.Лоуренс 6’, Г.Бэйл 18’, А.Рамсей 37’, К.Робертс 55’, С.Уилльямс 66’)

Уэльс: У.Хеннесси, Б.Дэвис (Т.Робертс 67’) , К.Мепам, Э.Уильямс, К.Робертс, И.Ампаду (М.Смит 67’), Ж.Аллен, Д.Брүкс, А.Рамсей, Т.Лоуренс, Г.Бэйл (Т.Робертс 75’)

Ирланд: Д.Рэндол, С.Уард (Е.Стивенс 61’), К.Кларк, С.Дафф, С.Коулман, К.О’Дода, К.Хоурихэйн (С.Уилльямс 57’), Ж.Хендрик, К.Кристие, К.Робинсон (Д.Орган 77’), Ж.Уалтер

С лигт Болгар, Норвеги эхний ялалтаа авлаа

Болгарын шигшээ баг Словений шигшээ багийг талбайд нь буулгаж авснаар 3 оноогоо авсан бол Норвегийн шигшээ баг Газар Дундын тэнгист байх Кипр арлын шигшээ багийг талбайда хожиж эхний ялалтаа авсан байна.

  • Словени 1-2 Болгар (гоол: М.Зач 40’, Б.Краев 3’, 59’)

Словени: В.Белец, Н.Скубиц, А.Струна, В.Йокич, Р.Крхин (Р.Безьяк 66’), Ж.Куртич, К.Кампл (А.Дервишевич 83’), М.Зайц, Б.Вербич, А.Спорар (Т.Матавц 73’)

Болгар: П.Илиев, В.Чорбажийски, Н.Бодуров, В.Божиков (А.Ляшков 46’), И.Бандаловский, С.Слачев, Г.Констадинов, Т.Неделев (И.Горанов 82’), К.Песподов, И.Попов, Б.Краев (М.Рьянов 72’)

  • Норвеги 2-0 Кипр (гоол: С.Иохансен 20’, 42’)

Норвеги: Р.Ярстейн, Б.Меланг, К.Айер, Х.Нордтвейт, О.Элабделлауи, М.Эльюнусси, М.Хенриксен, С.Берге (О.Сельнес 69’), С.Йохансен (Й.Фоссум 72’) Ж.Кинг (Т.Эльюнусси 90’), Б.Йохансен

Кипр: У.Пардо, Г.Василиу (Г.Эфрем 46’), К.Лаифис, Г.Меркис, И.Кусулос, Р.Маргаса (Н.Иоанноу 82’), К.Артиматас, К.Кириаку (Г.Кастанос 77’), Е.Папулас, П.Сотириу

D лигт дөрвөн тоглолт явагдлаа

Чансааны хамгийн бага буюу D лигийн 1 болон 4-р хэсэгт тус бүр хоёр тоглолт болсон байна.

  • Казахстан 0-2 Гүрж
  • Армени 2-1 Лихтенштейн
  • Латви 0-0 Андорра
  • Гибралтар 0-2 Македон

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж