Шахмал түлшийг түүхий нүүрсний үнээр зарна | News.MN

Шахмал түлшийг түүхий нүүрсний үнээр зарна

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Шахмал түлшийг түүхий нүүрсний үнээр зарна

Шахмал түлшийг түүхий нүүрсний үнээр зарна

УХАА ХУДАГ, ТАВАНТОЛГОЙН ТҮҮХИЙ ЭДЭЭР НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАНА​

Улаанбаатарчуудын эрүүл мэнд, эдийн засагт дайсагнасан утаатай өвөл айсуй. Энэ өвлийг бид өнгөрсөн арван хэдэн жилийн адилаар нүүрсний утаанд “угаартаж” өнгөрөөх нь. Харин ирэх тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хасах 40 хэм хүрдэг хахир хүйтэн өвлийг гэр хорооллын иргэд түүхий нүүрсгүйгээр давж чадах уу гэсэн асуулт хариулт нэхсээр. 2006 онд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр төрөөс гаргаж байсан ч хэрэгжээгүй. Унаж бутарсан, шаталт муутай, түүхий нүүрснээсээ үнэтэй сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрч чадахгүй байсаар энэ шийдвэр замхарсан түүхтэй. Тэгвэл энэ удаад түүхий нүүрсийг хэрэглээнээс шахах төлөвлөгөө хэрэгжих үү. Бэлтгэл ажил нь ямар шатандаа явна вэ.

ХУВИЙН 12, ТӨРИЙН НЭГ ҮЙЛДВЭР ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэгтэй. Шахмал түлш илчлэг ихтэй, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасах тооцоо гарчээ. Нийслэлчүүдийн нүүрсний хэрэгцээг хоёр эх үүсвэрээс хангахаар төлөвлөөд байна. Эхнийх нь шахмал түлш үйлдвэрлэдэг 12 үйлдвэр. Эдгээр үйлдвэрүүд нэгдсэн зохион байгуулалтад орж “Монголын шахмал түлш хэрэглэгчдийн нэгдэл” ХХК-ийг байгуулсан бөгөөд жилд нийт 150 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тээврийн зардлыг бууруулахын тулд өнгөрсөн хавар Дорноговь, Дархан, Говьсүмбэр, Төв аймагт байсан үйлдвэрүүдийг нийслэлийн Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд төвлөрүүлжээ.

НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЦЭЭ 600 МЯНГАН ТОНН

Харин үлдсэн шахмал түлшийг “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Тавантолгой түлш” хангана. Тус компани өнгөрсөн хавар 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй үйлдвэр байгуулсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж. “Тавантолгой түлш” компанийн одоогийн хүчин чадал нь жилд 150 мянган тонн. Үүн дээр “ТЭЦ2”-ыг түшиглэн 2000 оны эхээр байгуулсан шахмал түлшний үйлдвэрийн шахах цехийн хүчин чадлыг нэмбэл 250 мянган тонн болно. Тус үйлдвэрийг анх байгуулахдаа технологийн шийдлийг нь буруу гаргаснаар гүн боловсруулсан түлш үйлдвэрлэх боломжгүй болсон юм. Харин нүүрсийг шахах буюу брикетлэдэг дамжлагыг нь ашиглахаар болж, “Тавантолгой түлш” компанид хариуцуулжээ. Ингэснээр одоогийн байдлаар нийслэлийн 600 мянган тонн шахмал түлшний хэрэгцээний 450 мянган тонныг нь хувийн 12, төрийн нэг үйлдвэр хангахаар болоод байна.

“ЭНЕРЖИ РЕСУРС” ТҮҮХИЙ ЭДЭЭР ҮНЭГҮЙ ХАНГАНА

Тэгвэл эдгээр үйлдвэрүүд нийслэлчүүдэд яг ямар түлш нийлүүлэх гэж байна вэ. Өмнө нь сайжруулсан шахмал түлш гэсэн нэрийн дор шавартай, үхрийн бууцтай зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан ч нэг нь ч хэрэглээнд нэвтэрч чадаагүй. Шахмал түлшийг гүн боловсруулсан болон сайжруулсан гэж хоёр ангилдаг. Гүн боловсруулсан гэдэг нь нүүрсийг өндөр технологиор боловсруулж, дэгдэмхий чанарыг нь бууруулсныг хэлдэг. Харин сайжруулсан нь нүүрсийг жижиглэж бутлаад бэхжүүлэх, шаталтыг дэмжих зэрэг бодис нэмж хэлбэр оруулан шахдаг байна. Гүн боловсруулахад өндөр технологи шаардлагатайн дээр өртөг нь их. Тиймээс энэ удаад байгалиасаа дэгдэмхий чанар багатай ухаа худаг, тавантолгойн ордын завсрын нүүрсийг сайжруулан шахахаар болсон юм байна. Энэ завсрын нүүрс буюу медлинг нь байгалиасаа дэгдэмхий чанар багатай, утаа бага ялгаруулдаг учраас заавал гүн боловсруулах шаардлагагүйг үйлдвэрлэгчид тайлбарлалаа. “Энержи Ресурс” компанийн хашаанд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 2.4 сая тонн ийм нүүрс хуримтлагдаад байгаа аж. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шахмал түлш үйлдвэрлэгчдэд түүхий эдээ үнэгүй өгөхөөр болсон. Ухаа худаг болон тавантолгойн ийм нүүрсээр нийслэлийн хэрэгцээг 5-6 жилд хангах боломжтой” гэв.

ГОЛ БЭРХШЭЭЛ НЬ ТЭЭВРИЙН ЗАРДАЛ

2006 онд гарсан түүхий нүүрсийг хориглох шийдвэр амьдралд хэрэгжээгүйн гол шалтгаан нь шахмал түлш түүхийгээсээ өндөр үнэтэй байсантай холбоотойг эдийн засагч Л.Наранбаатар онцоллоо. Сайн чанарын, илч сайтай түлш байсан ч иргэдийн орлогод нийцэхгүй л бол хэрэглээнд нэвтэрч чадахгүй. Тиймээс холбогдох яамд сайжруулсан шахмал түлшийг Налайхын түүхий нүүрсний үнэтэй дүйцэхүйц байлгах бодлого баримталж байгаа аж. Мэдээж, нүүрсийг тээвэрлэж, сайжруулж, нэмүү өртөг шингээж байгаа учраас яг үйлдвэрийн өртөг, үнээр зарвал түүхий нүүрнээс хямд байж чадахгүй. Иймд төрөөс үйлдвэрүүдэд тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас олгохоор болжээ. Мөн дээр дурдсанчлан түүхий эдийг ухаа худаг, тавантолгойгоос үнэгүй хангах учир зардал нь эрс буурна. Харин үйлдвэрлэгчдийн санааг зовж буй бэрхшээл нь тээвэрлэлт. Дээрх уурхайнууд нийслэлээс 500 гаруй км зайтай. “Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд өөрсдөө тээврийн зардлаа гаргана. Харин хувийн үйлдвэрүүд тээврийн зардлаа өөрсдөө бүрэн гаргавал өртөг нь тэнгэрт хадах гээд байдаг. Тиймээс тээврийн зардлыг хэрхэх талаар Зам, тээвэр хөгжлийн яам болон Эрчим хүчний яамныхан шийдэл гаргахаар ажиллаж байгаа гэв. Ийнхүү шахмал түлшний үнэ ямар байх нь зах зээл бус төрийн бодлогоос шалтгаалах нь. Татаас, дэмжлэггүй бол энэ бүтээгдэхүүн яагаад ч түүхий нүүрстэй өрсөлдөж чадахгүй. Төр нэгэнт агаарын бохирдлыг бууруулахын тулд хүч хаяж байгаа бол хийсэн шиг хийж, үүний зэрэгцээ хяналт, шаардлагаа ч чангатгах шаардлагатай байна. Өмнөх шиг мөнгө, цаг үрсэн үр дүнгүй ажил болгохгүйн тулд эхнээс нь нарийн зохион байгуулалттай ажиллахыг иргэд шаардаж байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

ШАХМАЛ ТҮЛШИНД ШАВАР АШИГЛАХГҮЙ

“Монголын шахмал түлш хэрэглэгчдийн нэгдэл” ХХК-ийн захирал Х.Халиунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Яг ямар технолгиор түлшээ үйлдвэрлэх вэ?

-Агаарыг нүүрстөрөгч биш, түлш дутуу шатсанаас үүдсэн уур, нарийн ширхэгтэй тоосонцор бохирдуулдаг. Үүнийг багасгавал агаарын бохирдол буурна гэсэн үг. Харин ийм дэгдэмхий чанар хүрэн болон чулуун нүүрсэнд хамгийн их буюу 50-60 хувь байдаг. Тиймээс үүнийг ямар нэг байдлаар боловсруулж, дэгдэмхий чанарыг нь бууруулах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, нүүрсийг нам температурт нэрэх аргаар боловсруулаад тэндээс гарсан хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэдэг. Харин энэ удаад байгалиасаа дэгдэмхий чанар багатай ухаахудаг, тавантолгойн медлингийг 0.3 мм хүртэл бутлаад барьцалдуулах, шаталт дэмжих, хүхэржүүлэх бодис холино. Үүнийгээ шахаж, 160-240 хэмд хатааж ууталснаар иргэдэд хүргэнэ.

-Өмнө нь зарим үйлдвэр нүүрсээ барьцалдуулахын тулд шавартай хольж шахдаг байсан. Танай үйлдвэрүүд юу ашиглаж байгаа вэ?

-Өмнө нь шавартай хольж байсныг үгүйсгэхгүй. Харин манай үйлдвэрүүд хүний эрүүл мэндэд хоргүй гэдэг нь батлагдсан эрдэнэшиш, төмсний цардуул ашиглана.

-Шахмал түлшинд ямар стандарт шаардлага тавьдаг вэ. Ер нь ямар шахмал түлшийг сайн гэж үзэх вэ?

-2013 онд сайжруулсан шахмал түлшний стандартыг шинэчилснийг үйлдвэрүүд мөрдөж байгаа. Түлшний шатамхай чанар 20 хувьтай байхыг шаарддаг. Харин Ухаахудаг, Тавантолгойн медлинг нүүрсний дэгдэмхий чанар хамгийн ихдээ 23.5 хувь учраас гүн боловсруулалгүй хэрэглэх боломжтой. Ер нь шахмал түлшийг гаднаас нь хараад сайн, муу гэж хэлэхэд түвэгтэй. Тиймээс хоёр метрийн өндрөөс унагаад бутарч байвал муу, 1-2 хувь нь үйрч байвал сайн түлш гэж үзэж болно.

-Танай нэгдлийн үйлдвэрүүд түлшээ хэдэн төгрөгөөр зарах вэ?

-Тонн тутмыг нь 200 мянган төгрөгөөр зарахаар төлөвлөж байгаа. Гэхдээ эдийн засгийн үр ашгийг тооцохдоо эхлээд нэг өрхийн жилд зарцуулж буй түлшний зардлыг тооцох ёстой. Сайжруулсан түлш түүхийгээс илүү илчтэй, удаан шатдаг учраас бага хэрэглэгдэнэ гэсэн үг.

ТОНН ТУТМЫГ НЬ 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛНА

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тус компанийн талаар сонирхлоо.

-Танай компанийн сайжруулсан түлш хэрэглэгчдийн гар дээр хэдэн төгрөгөөр очих вэ?

-Налайхын нэг ковш буюу 350 орчим кг нүүрс 50-60 мянган төгрөг байдаг. Харин нэг портер буюу нэг тонн нь уурхайн аманд 150-160 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид сайжруулсан түлшээ үүнтэй ижил буюу 150 мянган төгрөгөөр борлуулах төлөвлөгөөгөө Засгийн газарт явуулсан.

-Танай компани “ТЭЦ-2”- ын дэргэдэх шахмал түлшний үйлдвэрийг хариуцахаар болсон. Өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийг энэ үйлдвэрт зарцуулсан юм бэ. Цаашид хэрхэх вэ?

-Үйлдвэр барих, технологи нэвтрүүлэх зэргээр 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Нэгэнт ийм хөрөнгө гаргаад барьсан учраас тэр чигээр нь хаялгүй боломжоор нь ашиглах бодлого барьж байгаа. Үйлдвэрийн нүүрс шахаж, брекэтлэдэг тоног, төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой.

-Өмнө нь 30 гаруй шахмал түлшний үйлдвэр байгуулагдсан ч “нүүрс” хөтөлбөрөөс болоод үүдээ барьсан. Одоо ийм түүх давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Ямар ч байсан төрийн шийдвэр өөрчлөгдөхөөс өмнө үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй. Нэгэнт хэрэглээнд нэвтэрсэн бол төрийн шийдвэр өөрчлөгдлөө ч эрсдэл буурна. Хэрэв хувийн компаниуд иргэдийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд очвол төр технологио сайжруулахад анхаарах болно.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж