УИХ-ын гишүүн Д.Гантулгаас болж Хэнтий аймгийн 42 мянган сонгогч төрд төлөөлөлгүй болоод багагүй хугацаа өнгөрч буй. Угтаа бол түүнийг орлох хүнийг 2018 аравдугаар сарын 7-нд тодруулах байсан ч дээрээ хөх тэнгэртэй Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хойшлуулав. Хаврын чуулганаар баталсан УИХ-ын тогтоол нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэдгийг МАН, Цэц аль аль нь мэдэж байсан гэх. Тиймээс ч эрх баригчдаас бусад сөрөг хүчнийхэн цэцийн энэ удаагийн шийдвэрийг захиалгатай гэж хардаж буй.
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн наймдугаар сарын 22-нд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгөх учиртай.
Гэвч УИХ ээлжит бус чуулган зарлахгүйгээр намрын чуулган хүртэл энэ асуудлыг хойшлуулсан. Үнэн хэрэгтээ УИХ-ын тогтоол анх батлахад л эрх баригчид Хэнтийн нөхөн сонгуулийн процессыг тодорхой болгосон байсан. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчиж байгааг ч тэд мэдэж байсан гэж улс төрийн намууд хэлж буй. Цэц ямар шийдвэр гаргаж, цэцийн шийдвэрийг хэзээ хэлэлцэх, нөхөн сонгууль ямар хугацаанд хойшлогдох, тэр хүртэл юу хийх гээд шат, дамжлага бүртээ хариулт нь тов тодорхой асуудал байж. МАН-ын дарга өвдөг шороодохгүйн тулд хийсэн товч тодорхой процесс гэлтэй. Үнэндээ 42 мянган сонгогчийн эрхийг зөрчиж байгаа нь эрх баригчдыг хардахаас аргагүй. Нөхөн сонгууль хойшлогдсоноос болж хамгийн гомдолтой байгаа нь МАХН.
Энэ бүхний эцэс нэг намын, улстөрчийн эрх ашигт үйлчилж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, төлөөлөлгүй болсон 42 мянган сонгогчийн эрх ашгийг уландаа гишгэж буй Цэц манах ёстой хуулийнхаа эсрэг зогсч буй нь харамсалтай. УИХ-ын намрын чуулган аравдугаар сараас эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд цэцийн шийдвэр хэлэлцэж эхэлнэ. Ингэхдээ аль нэг намын эрх ашгаас илүү сонгогчдынхоо эрх ашгийг бодсон шийдвэр гаргах байлгүй, эрх баригчид.
Ш.ОЧ