Гигантууд Монгол дээр бооцоог тавих уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Гигантууд Монгол дээр бооцоог тавих уу?

“Дэлхийн ашигт малтмалын салбарт 7 цаг болж бна. Австралид бол 8 цаг. Удахгүй 12 цаг болно… гэнэ. Монголд хэдэн цаг болж байгаа бол?”, “Хөгжиж буй орнуудын зах зээл 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа хамгийн урт хугацаанд буурлаа” гэсэн нааштай тоон мэдээллээр дүүрэн “Дисквери-2018” үргэлжилж байна.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “ 2030 гэхэд уул уурхайн салбарт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай . Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтын таатай боломж нээгдэж байна. Хөрөнгө оруулагчдад өгөөжтэй, Монголд ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Түүний хэлсэн одоогоор IPO гаргаад байгаа төслүүдийн явцын танилцуулга, сонгон шалгаруулалт зарласан хайгуулын талбайн талаарх мэдээлэл, хамгийн гол нь Монголын төр геологи хайгуулын салбарт баримтлах бодлого, уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг улстөржилт, популизмаас хамгаалах байр суурь ихээхэн анхаарал татсан.

Монгол Улсыг олон улсын,  мэргэжлийн хөрөнгө оруулагчдын нүдээр харахад шинэ зах зээл гэж үздэг гэдэг. Өнөөдрийн байдлаар нэг талаас ОУВС-ийн “атганд” байдаг мэт боловч тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд хөрөнгө оруулагчдын “итгэл даах” чанар нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Өнөөдөр бид цалин нэмүүлэх шаардлага тавьж, шатахууны үнэ өсч байгааг “том зовлон” болгож ярихаас гадна 20 их наяд ам.долларт дөхсөн Америкийн эдийн засаг, 12 их наяд ам.доллараар хэмжигддэг Хятадын эдийн засгуудын “дунд” хэрхэн амьдрах арга замаа хайж байна.

Ингэхдээ хямрал, хүндрэл болгоноос аварч байсан цор ганц арга гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт шинээр хайгуул хийхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, тэдний өмнө итгэл даахуйц, эрсдэл багатай, тулгамдсан зовлон нимгэн, өр зээлийн “сахилга баттай” байх шаардлагатай болоод байна.

Энэ өдрүүдэд Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бүх компанийн шийдвэр гаргах төвшний удирдлагууд, CEO нар ирээд байгаа энэ боломжийг ашиглаж бооцооны ширээн дээр Монголыг сонгуулах, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын их урсгалаас шүүрдэх том олз буюу та нарын мэдэх замаг биш жараахай, тул болсон шүү гэдгээ нотлох учиртай. Наанадаж дэлхий даяар мэдэх Оюутолгой төслийн явц, Монголын төр засагтай ямар харилцаатай байгааг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад бодитоор харуулах, хууль тогтоогчид, төрийн байгууллага, улстөрчидтэй нь нүүр тулан уулзаж сонголтоо хийхэд нь нөлөөлөх бүх ажлыг хийхэд “Дисковери” чухал үүрэгтэй. Ингэснээр тус салбарт урьд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хайгуулын тав дахь компани болох Канадын хөрөнгө оруулалттай Step Gold “булган сүүлтэй” байх болно.

Энэ үеэр Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес төслийн танилцуулга, Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрээ тайлбарлаад “Ийм олон төсөл Монголд хэрэгжээсэй” гэж уриалж өглөө. Өнгөрсөн гурван сарын турш уурхайн ажлаасаа гадна улстөрчдөд, төрөөс томилогдсон ажлын хэсгийнхэнд “шалгуулах” ажлыг хийж хамаг цагаа барсан ч гадны хөрөнгө оруулагчдад ийм дохио өгсөнд нь баярлах хэрэгтэй. Мөн “Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг “Оюутолгойн хоёрдугаар  үе шат буюу салбарын түүхэн дэх хамгийн том төслийн санхүүжилтийг явуулж, ОУВС 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг гаргаснаар Монгол Улс илүү итгэлтэйгээр хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх болсон. Мөн түүнчлэн, Дубайн гэрээг байгуулснаас хойш 150 сая ам.доллар босгосон, ирээдүйд Монголд хэрэгжүүлж болох төслүүдийг атгаж буй хэд хэдэн компаниудыг жишээ татаж болно” гэснийг хөрөнгө оруулагчид ихэд сонирхож байв. Тэрбээр  “Кинкора”-гийн хувьд  мөчлөг эргэх үед байр сууриа нэмэгдүүлэх зорилгоор, олон улсад Оюу толгой дахин гол анхаарлын төв нь болно гэсэн хүлээлтэд тулгуурлан түүхий эдийн мөчлөгийн бууралтын үеэр Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсэн. Оюутолгойн тухайд, 2020-иод оны дунд гэхэд дэлхийн гурав дахь хамгийн том зэсийн уурхай болох төлөвтэй байна. Ялангуяа, бидний Бронз Фокс-д гаргасан Цагаан суварга төслийн хайгуулын төлөвлөгөө нь 2014 оноос хойш дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн анхны томоохон нээлт рүү  хөтөлнө гэж найдаж байна” хэмээсэн юм. Харин тэрбээр”Одоогийн ААНОАТ-ын тухай хууль болон санал болгож буй өрсөлдөөнт тендер зэрэг нь зөвхөн тухайн үед төлөвлөгдсөн орлогыг олж чадаагүй”,  “2015 оноос хойш хайгуулын шинэ талбай ашиглалтанд ороогүй, өнөөдрийн байдлаар хайгуулын лицензийн түүхэн зардлын 90 хувь нь гурван жилийн дотор алдагдах төлөвтэй байна”, “Дэд бүтцийн хөгжил, татвар, рояалти төлбөр зэргийн оновчтой бүтцийг бий болдоггүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүүмжилжээ.

Эхний өдрийн байдлаас харахад хөрөнгө оруулагчид юуны өмнө Монголын Засгийн газар урт хугацааны үүрэг, амлалтыг өгдөг байх хэрэгтэй, шинэ хөрөнгө оруулагчдад зөвлөхөд хамгийн сайн зөвлөмж бол одоогийн төслүүд болон хөрөнгө оруулагчдад хэрхэн хандаж байна гэдгийг ажиглах явдал юм хэмээн сануулсан нь манай эрх баригчид, хууль тогтоогчдод ч нэгийг бодогдуулсан биз ээ.

Хэрэв энэ удаагийн “Дисковери-2018”-ыг анхааралтай ажиглаж, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол руу хандуулж чадаагүй бол  “Фрийдланд дахиад ирээсэй” гэсэн нууцхан мөрөөдөл тээсээр үлдэж мэдэх юм. Учир нь эдүгээ “нүүр тахалж” буй Оюутолгой төсөл, Монголын эдийн засгийн огцом өсөлтийн түүх түүнтэй заавал холбоотой. Хоёр жилийн өмнө дэлхийн нэр хүндтэй банкууд болон уул уурхайн гигантуудын төлөөлөл нийлсэн 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд ирж өөрөө зургаан хувийг нь эзэмшдсэг Оюутолгойн ордоо танилцуулаад буцсан гэх түүнд хөрөнгө оруулагчдыг татдаг увдис бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь л дээр дээ.

Сонсох ёстой, анхаарах үүрэгтэй байгууллага, хүмүүс нь эндээс “од шүүрч” чадахгүй бол, ойлголтын зөрүүг нь залруулах чадваргүй, эсвэл завгүй бол “Монголын төлөө цохилох зүрхтэй” гэх мэт сүржин тодорхойлолтоо мартаж, мэдэхгүйд саад хийхгүй, мэддэг бол update хийх цаг нь тулчихаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж