Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Их хотын хайр

Нарийн гудамж, өндөр барилга, урсгал үл тасрах замын хөдөлгөөн, дуу чимээ, хаашаа ч юм бэ яарсан хүмүүс. Завгүй, чөлөөгүй энэ их хотод хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлал хэрхэн өрнөдөг нь сонирхолтой. Одоо сийрүүлэх зүйл танд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах биз ээ. Хүүрнэх үйл явдал Бээжин хотод өрнөх болно.

Үзэгдэл нэг. Шөнийн цэнгээний газар  нэгэн залуу ажлынхаа залуутай, мөн 50 орчим насны босс ахтайгаа наргина. Ажлын залуу нь танилцаад 17 хоносон эмэгтэйтэйгээ гэрлээд удаагүй аж. Харин гол дүрийн залуу энэ агшинд нэгэн бүсгүйд сэтгэл алдрав. Шөнийн цэнгээний газар дахь дэгжин охидоос ялгарахаар энгийн, даруу хэрнэ цаанаа л эрхэмсэг байдал нь залууг ховстсон бололтой. Эрэгтэй хүний 13 мэхээс ашиглан залуу бүсгүйтэй дотносов.

Хэд хоногийн дараа дээрх гурвын яриа уушийн газар өрнөлөө. Гол дүрийн залуу бүсгүйтэй гэрлэх болсноо дуулгахад, ажлын залуу нь гэрлэлтээ цуцлахаар болсноо хэлэв. Харин гэрлээд 10 жил болж буй босс ах “Амьдралд жинхэнэ хайр гэж байдаггүй. Хамтын амьдралын эхний хэсэг нь сэтгэл хөдлөл, дараагийнх нь дасалцал, дундуур орж ирж байгаа нь нууц амрагууд байдаг юм. Би та нарын насан дээр хөдөлмөрлөдөг байсан одоо бол хөгжинө, цэнгэнэ, наргина” гэж байна.

Шинэхэн хосын хайр дурлал дардан байсангүй. Ердөө 30 ам.метр өрөө түрээслэн амьдардаг залуу шинэ хүнээ хаана өлгийдөж авах, хадам ээжийн эсэргүүцэл, хайрт бүсгүйнх нь өмнөх найз залуугийн баярхсан, эрээцээргүй авиртай тэмцэлдэх зэргээр асуудал ундарна. Гэвч тэд жаргалтай байлаа.

Өдөр бүрийг залуу охидтой наргиж өнгөрүүлдэг босс гэрийнхээ гадна иржээ. Амрагуудаасаа ирсэн дуудлага, зурвас зэргийг гар утаснаасаа устгаад, хэдэн хормын өмнө хуруунаасаа авсан бөгжөө эргүүлэн зүүв. Ингээд сурсан аргаа ашиглан ачаалалтай ажилласнаар ядарсан нэгэн болж жүжиглэн гэртээ ороход, эхнэр нь угтаж аваад, түшч хэвтүүлнэ. Тэдний амьдрал өдөр бүр ийм хэмнэлээр өнгөрдөг аж. Нэгэн өдөр босс жинхэнээсээ согтжээ. Энэ үед түүний утас зогсоо зайгүй дуугарч байсан тул эзэгтэй утсыг авч, кодыг тайллаа. Утсанд амрагуудаас нь зурвас болон халуухан бичлэг ирэв. Нөхрийгөө юу хийж явдгийг мэдсэн эмэгтэй түүнд гомдож, сэтгэлийн гүн хямралд орно.

Залуу уйлж буй босс ахыгаа тайвшруулж байна. Боссын эхнэр түүний утсанд ирсэн зурвас, бичлэгийг бичгийн цааснаа хэвлэн дэргэд нь тавиад, түүнээс салахаар шийдсэнээ хэлжээ. Хайр сэтгэл байдаггүй гэж ярьдаг эрхэм энэ удаа эхнэртээ хайртайгаа мэдэрч, түүнгүйгээр амьдарч чадахгүй тул яахаа мэдэхгүй уйлж буй нь энэ.

Үзэгдэл хоёр. Хуримынхаа 20 жилийн ойг этгээд байдлаар тэмдэглэж буй хосын тухай өгүүлнэ. Энэ нандин мөчид олон яриа өрнөх агаад эхнэр нь бүсгүй хүний төрөлх сониуч зангаар нөхрөөсөө түүнийг хуурсан эсэхийг лавлана. Энэ нь ч учиртай бололтой. Эзэгтэйг нөхөр нь нэг удаа хуурсан бөгөөд түүнээс хойш дахин хуурсан эсэх нь эмэгтэйд сонирхолтой байдаг аж. Гэсэн ч удаан хамтран амьдарч байгаа, цаашид ч цуг амьдрах хүмүүс нэгнийхээ талаарх зарим зүйлийг мэдэхгүй байсан нь дээр, үгүй бол нэгнийгээ улам л зовоох болно хэмээн тохирцгоов.

Үзэгдэл гурав. Өсвөр насны хөвгүүн хөгжимчин охинд дурлажээ. Хүү бусдын гэрлэн бүрхүүлийг хардаг бөгөөд зөвхөн хөгжимчин охинд гэрлэн бүрхүүлээс гадна далавч байгааг олж харав. Мөн охины бэлтгэл хийж байгааг нууцаар харж, автобусанд суугаад гэр хүртэл нь түүнийг дагах боллоо. Улмаар тэд танилцаж, үүргэвчинд байгаа талх, сүүг хувааж ууж, идээд хамтдаа мандах нарыг угтав. Тэдний нэгэн рүүгээ тэмүүлэх сэтгэлийн илэрхийлэл, анх гараа атгалцаж байгаа зэрэг үйлдэл нь ариун хийгээд нандин. Хүү хичээлийнхээ хажуугаар ажил хийж олсон мөнгөө охиныг мөрөөдлөө биелүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Улмаар охин ээж, аавын хүсэлтээр Ангилд суралцахаар явна. Нэгнээ санан, тэмүүлж, хайрлахын зовлон мэдэрнэ. Гэлээ ч тэдний хайр хамгаас ариун, нандин хэвээр байна.

Үзэгдэл дөрөв. 60 гаруй насны өвгөн үеийнхээ эмгэнтэй танилцав. Энэ үйлдэл анхных биш бөгөөд түүнд энэ уулзалтууд таалагддаггүй бололтой. Учир нь, өөрийн эмнэгнийхээ хүсэлтийн дагуу ийм үйлдэл хийж байгаа юм. Харин түүний эмгэн өвгөнөө өөр эмгэн рүү түлхэх болсон нь учиртай. Эмгэн өөрийгөө хавдартай болохыг мэдээд хэд хоног хямарсан ч нэг л өдөр тун цоглог болоод зогсохгүй өвгөнөө өөр хүнтэй уулзуулж, цаашлаад хамт амьдруулах гэж оролдох болсон юм. Нэг удаа АНУ-д олон жил амьдраад дөнгөж Бээжинд ирээд буй 69 настай эмгэнтэй танилцуулав. Тэд биесдээ муугүй сэтгэгдэл үлдээсэн бололтой. Өвгөнөөс татгалзсан хариу ирсэнгүй. Энэ үйлдэлд хавдартай эмгэн баярлан, хөөрч байлаа. Удалгүй хавдартай эмгэний өвчин сэдэрч эмнэлэгт хүргэгдэв. Тэрбээр өвгөндөө зурвас үлдээсэн байлаа. Зурваст эмгэнийг нөгөө ертөнц рүү явсан тохиолдолд өвгөнөө уйтгарлаж гуниглалгүй үргэлжлүүлэн амьдраарай гээд, өвгөнөө ганцааранг нь үлдээвэл санаа зовнино, харин өөр хүнтэй болсон тохиолдолд санаа нь амрах болохоо, түүнд ямар их хайртайгаа бичжээ. Өвгөн шинээр танилцсан эмгэнд энэ учрыг хэлж улмаар цугтаа эмнэлэг дээр очив. Бие нь өвдөж буй эмгэндээ хоёул хүсч байсан зүйлийг нь хэлж сэтгэлийг нь тайвшруулав. Өвгөн түүнээс “Нөгөө ертөнцөд очихоос бүү ай. Тэнд очоод намайг хүлээж байгаарай” хэмээн аминчлан гуйна.

Эмнэлгийн олон хаалга ээлжлэн нээгдэж тэр бүрт хүмүүс холхилдоно. Тэдэн дунд үзэгдэл нэг дээр гардаг залуу аав болсон байгаа харагдав. Харин босс эхнэртэйгээ тун сайхан харилцаатай байгаа харагдлаа. Хуримын 20 жилийн ойгоо тэмдэглэсэн хоёр ч мөн адил жаргалтай байгаа бололтой. Харин үзэгдэл гурав дээр гардаг өсвөр насны хоёр хэн нэгэнтэй уулзахаар яарсан мэт эмнэлгийн шатаар яаран алхана.

Энэ бол “Их хотын хайр” кинонд өрнөх үйл явдал. Амьдралд байдаг олон өнгийг элдэв чамирхалгүйгээр, тод дүрсэлсэн нь киноны туршид үзэгчдийг инээлгэж, догдлуулж бас уйлуулж байлаа. Тус кино “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд гарч байгаа юм. Соёлын өдрийг угтан олон үйл ажиллагаа зохиож байгаа бөгөөд Хятадад борлуулалтаараа тэргүүлж буй 10 киног “Тэнгис”-ийн дэлгэцнээ гарч байна. Уг 10 кино нь нээлтээ хийсэн даруйдаа 100 сая юаниас дээш орлоготой байжээ. “Хятадын соёлын өдрүүд” есдүгээр сарын 4-8-нд болох юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж